06.22

Төв цэнгэлдэхийн хиймэл зүлэг бэлэн болов

Өнөө жилийн Улсын их баяр наадмаар уран мэхээ уралдуулан барилдаж, улсын цолоо ахиулах, улсын цолд хүрэхийг хүсэж, хичээн тэмүүлж байгаа 512 бөх хиймэл зүлгэн дээр барилдахаар болсон билээ.

Тэгвэл өнгөрсөн дөрөвдүгээр сард эхэлсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон зүлгийг хиймэл зүлгээр солих тохижилтын ажил бүрэн дуусч бэлэн болжээ. Эхлээд зүлэг дэвсэх суурь буюу хөрсийг нь цементээр бүрэн хучсан аж.

Үүний дараа цементэн суурин дээрээ Голланд Улсаас авчирсан таван сантиметрийн өндөртэй хиймэл зүлгээ дэвсчээ. Мөн хиймэл зүлгэн дээрээс нь давхар зөөлөвч буюу гурван сантиметрийн өндөртэй хамгаалалтын элсэн дэвсгэрийг дэвссэн гэнэ. Зүлэг дэвсэх ажлыг "Дэрэн" компани гүйцэтгэсэн бөгөөд компанийн зүгээс цаашид зүлэгний арчлалтын ажлыг хариуцахаар болжээ.

Дашрамд сонирхуулахад, ногоон зүлгийг хиймэл зүлгээр солиход нэг тэрбум 200 сая төгрөг зарцуулсан аж.