06.23

Л.Баатарцогт: Улиасны хөвөн хүний биед сөрөг нөлөөгүй

Хотын гудамж, талбайд улиасны цагаан хөвөн энд тэндгүй хөглөрч, ам хамар руу орчих шахам хийсч хүмүүсийг бухимдуулж байна. Үүнд ямар арга хэмжээ авч ажиллаж байгааг нийслэлийн ЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Л.Баатарцогтоос тодрууллаа.

 -Урин дулааны улирал эхлэхээр улиасны цагаан хөвөн их гардаг. Иргэд ч нэлээд бухимдалтай байна. Гаргахгүй байх талаас нь ямар ажлыг зохион байгуулж байна вэ?

-Улаанбаатар хотод 8000 ширхэг улиас байдаг. Зургадугаар сарын эхэн үеэс наймдугаар сарын дунд үе хүртэл улиасны унгирал гардаг юм. Иргэд улиасны хөвөн гэдэг. Биологийн нэршил нь улиасны унгирал. Эм улиасны үр гэсэн үг л дээ. Улиасны унгирал буюу хөвөнг гаргахгүй, зогсоох хэрэгтэй гэж мэргэжлийн бус олон хүн хэлдэг. Гаргахгүй байх ямар ч боломж байхгүй. Байгалийн жамаараа модны үржил явж байна. Өнгөрсөн жилээс шат дараатай арга хэмжээ авч ажилласан. Ази Европын Мон Экологи төвийн доктор Б.Сангидорж улиасны хөвөнг багасгахын тулд судалгаа хийж, бидэнтэй хамтарч ажилладаг. Тавдугаар сараас модны хэлбэржүүлэлт хийж, улиасны унгирал гаргадаг мөчир буюу болцууг тайрлаа. Иргэд улиасны мөчрийг тайрлаа гэж шүүмжилдэг. Тайрах нь унгиралтай тэмцэж байгаа нэг хэлбэр юм. Мөн эм улиасны молцогийг түүх ажлыг ч хийж байна. Бороо орохгүй, хуурайшилт их болохоор улиасны молцог задарч унгирал их гараад байгаа юм.

-Улиасны баланс алдагдахаар унгирал гардаг гэдэг. Тэгэхээр аль төрлийн улиас дийлэнх хувийг эзэлдэг вэ?

 -5000 орчим нь эм улиас бий. Эм улиас их болохоор баланс алдагдаж байгаа. Бид тэнцвэртэй байлгахын тулд л тайралт хийдэг.

-Хотын аль хэсэгт улиас их байдаг вэ. Улиасны хөвөнтэй тэмцэхэд хэдэн төгрөг зарцуулсан бэ?

-Хотын төвийн гудамжаар улиас их ургасан. Нийтийн эзэмшлийн гудамж, талбайгаас гадна зарим аж ахуйн нэгж байгууллагын хашаанд хүртэл байна. Өнгөрсөн жил л гэхэд 3500 улиасны молцогийг түүсэн. Улиасны хөвөнтэй тэмцэхэд есөн сая төгрөг төсөвлөж өгсөн.

 -Хүний биед сөргөөр нөлөөлөх үү. Харшлын өвчинг сэдрээдэг гэх юм?

-Хүний биед ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй. Харшлын эмч нар ч харшил үүсгэхгүй гэж хэлдэг

С.Хорлоо