11.27

Валютын ханшийн өсөлтөд банкууд буруутай юу?

Ноён долларын төгрөгтэй харьцах ханш 1900 болсноо 1790 болтлоо буурч, энэ байдал үргэлжлээсэй гэсэн хүлээлт иргэдийн дунд төрөөд байлаа. Урд, хойд хөршийн төрийн тэргүүнүүдийн айлчлалыг угтсан энэ үнийн бууралт олон хүнд найдлага төрүүлсэн ч айлчлалууд дуусч, араас нь залгаад буурч байсан валютын ханш огцом 40 төгрөгөөр нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 1845 төгрөгт хүрлээ. Монголбанк энэ талаар хөрөнгө оруулалт 70 хувиар буурсан, энэ байдал үргэлжилсээр валютын ханшийн өсөлтөд нөлөөлсөн гэсэн тайлбарыг хийсэн юм. Мөн 2014 оны эхний долоон сарын байдлаар гадаад худалдааны алдагдал 208 сая ам.доллар болж, 2013 оны мөн үеийнхээс 6.4 дахин, 2012 оны мөн үеэс 6.9 дахин тус тус буурчээ. 

Гадаад худалдааны алдагдал ийнхүү огцом буурсан нь валютын эрэлтийг бууруулах нэг суурь хүчин зүйл болсон. 2014 оны эхний долоон сарын байдлаар экспорт өнгөрсөн оны мөн үеэс 25 хувиар өссөн бол импорт 15 хувиар буурсан аж. Энэ нь импортын төлбөрт гарч явдаг валютын урсгал буурсныг харуулж байна. Монголбанк ийм тайлбар хийж байгаа бол валют арилжааны газрууд тэс өөр тайлбарыг хийжээ. Тэдний хэлж байгаагаар арилжааны банкууд санаатайгаар үгсэн хуйвалдаж, долларын зохиомол хомсдол бий болгож байгаа гэнэ. Тэд валютын данснаас доллар авах гэж байгаа хүмүүст хүртэл тодорхой босго зааж, их хэмжээгээр валют өгөхгүй, энэ зах зээл дээр ойрын өдрүүдэд эрэлт, нийлүүлэлтийг валют арилжааны төвүүд голлох үүрэгтэй ажиллаж байна гэсэн юм. 

Уул нь бол Монголбанк асуудалд нухацтай хандвал валютын ханш 1600 болох ч боломж байгаа гэнэ. Валютын ханшийг зарладаг Монголбанк долларын ханшийн өсөлтөөр ямар нэгэн тайлбар хийхгүй байгаа ч иргэдийн болон валют арилжааны газруудын хардаж байгаагаар арилжааны банкууд ийнхүү үгсэн хуйвалдаж, зориудаар долларыг хомсдуулж байх ч магадлалтай аж. Эдийн засгийг эрчимжүүлэх ажлын хүрээнд долларыг ядаж 1600 болгох зорилтыг тавьсан ч ийнхүү өнөөдөр доллар дахин 1840 хол гарлаа. Энэ байдал үргэлжилвэл үнийн өсөлт, инфляцид шууд нөлөөлж, эдийн засаг улам хүндрэх аюултай юм. Гэвч энэ талаар арга хэмжээ авах газар, хариуцлага хүлээх хүн байхгүй байсаар л. Эх сурвалж www.wikimon.mn