06.24

С.Чинзориг: Иргэдийг ажлын байранд 100 хувь зуучлах хэрэгтэй байна

Хөдөлмөрийн салбарын Удирдах ажилтны зөвлөгөөн өчигдөр боллоо. Хоёр өдрийн турш үргэлжлэх энэхүү зөвлөгөөнд УИХ, Засгийн газрын төвшинд нэлээд ач холбогдол өгч байгаа юм. Зөвлөгөөнд Хөдөлмөрийн яамны Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв, Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв, аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн дарга нар оролцлоо. Үүнээс гадна мэргэжлийн боловсрол, сургалтын 76 байгууллагын дарга зэрэг нийт 90-ээд хүн оролцов. Нээлтэд УИХ-ын байнгын хорооны дарга Д.Батцогт, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх нар баяр хүргэж, үг хэллээ. Шадар сайд хэлэхдээ “Хөдөлмөрийн салбарын бодлогыг боловсронгуй болгож, иргэдэд хүргэх үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх замаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ард иргэдээ ажилтай орлоготой байлгахад анхаарах нь энэ салбарт ажиллаж буй хэн бүхний үүрэг” хэмээсэн юм. Үүний дараагаар зөвлөгөөний гол илтгэлийг Хөдөлмөрийн сайд С.Чинзориг “Хөдөлмөрийн салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдвээр тавилаа. Тэрбээр илтгэлдээ “Манай улсад хөдөлмөрийн насны 900 гаруй хүн байна. Түүнээс хөдөлмөр эрхлэлтийн төвшин 57, ажилгүйдлийн төвшин 7.9 хувьтай байна. Харин ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар өмнөх оныхоос 16.5 хувиар нэмэгдсэн. Хөдөлмөр эрхлэлттэй холбоотой эдгээр тоон үзүүлэлт өссөн нь шинээр бий болж байгаа ажлын байрны чанарт анхаарах шаардлага байгааг харуулж байна” хэмээсэн юм. Мөн улсын хэмжээнд өнгөрсөн оны эцсийн байдлаар ажиллагсдын сарын дундаж цалин 844, төрийн албан хаагчдын дундаж цалин 700, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сард 192 мянган төгрөг байна. Мөн инфляцийн төвшин өссөн ч ажиллагсдын 90 орчим хувийг эзэлж буй жижиг, дунд аж ахуйн нэгжид ажиллагсдын дундаж цалингийн өсөлт инфляцийн өсөлтөөс найм орчим пунктээр доогуур байгааг дуулгав. Түүнчлэн хувийн хэвшилд ажиллагсдын цалингийн асуудлыг зөвхөн Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулиар зохицуулж ирсэн нь өнөөгийн шаардлагыг хангаж чадахгүй байгааг шүүмжилсэн юм. Тиймээс мэргэжлийн ур чадвар, ажлын ачаалал, мэргэжлийн зэрэгтэй уялдсан цалингийн тариф тогтоох, цалин хөлсийг индексжүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг сайд онцоллоо. Хөдөлмөрийн яам гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах бодлого, зохицуулалтын хувьд нарийн мэргэжил шаардсан ажлын байранд монгол ажилчдыг ажиллуулах, гадаадаас авч буй ажиллах хүч, мэргэжилтний тоог бууруулах бодлого баримталж байгаа юм. БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамтай байгуулсан гэрээгээр ажиллах хүч илгээх Харилцан ойлголцын санамж бичгийг шинэчлэн байгуулах аж. Ингэснээр хөдөлмөрийн гэрээгээр БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэх ажлыг аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээр дамжуулан хийх юм байна. Ийнхүү хууль, эрх зүйн хүрээнд хийж буй ажлаа үргэлжлүүлэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахын хамт төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулхаар ажиллаж буйгаа Хөдөлмөрийн сайд танилцууллаа. МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгалан- баатар, МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар орон нутагт Хөдөлмөр нийгмийн түншлэлийг хөгжүүлэхэд үйлдвэрчний эвлэл болон ажил олгогч эздийг оролцоо ямар байгаа тухай мэдээлсэн юм. МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэлэхдээ “Улс орны эдийн засгийн байдал таатай биш байна. Шийдвэрлэх олон асуудал байна. Тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдлийн асуудал улсын төсвийн хүрээнд шийдэгдээд явж байна. Төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийн асуудлыг эцэслэн шийдэхгүй байна. Тохиролцоо хийж, 90 тэрбум төгрөг улсын төсөвт оруулсан. Хэзээнээс энэ нь бодит ажил болох вэ гэдэг хүлээлт нийгэмд бий болсон. Үүнийг ажил хэрэг болгохын төлөө МҮЭХ сүүлийн хэдэн жил ажиллаж байна. Энэ том тохиролцоог хэрэгжүүлэхэд та бүхний оролцоо, иргэдэд зөв мэдээлэл өгөх нь чухал байна. Төрийн албан хаагчийн цалингийн нэмэгдэлд МҮЭ-ийн идэвхтэн, ажилтнуудын цалин огт хамаарахгүй” гэв.
 Зөвлөгөөний үеэр Хөдөлмөрийн сайд С.Чинзоригоос зарим зүйлийг тодрууллаа.

-Хөдөлмөрийн салбарт тулгамдаж байгаа гол асуудал юу байна вэ. Үүнийг шийдвэрлэх чиглэлэр ямар бодлого барьж байгаа вэ?

-Хөдөлмөрийн салбарт тулгамдаж буй олон асуудал бий. Тухайлбал, хөдөлмөр эрхлэлтийн хүрээнд бий болж байгаа ажлын байрны чанарыг сайжруулах хэрэгтэй байна. Өнгөрсөн жилийн дүнгээр ажил олгогчоос ирж байгаа ажлын байрны 40 хувьд нь иргэдийг зуучилж чадаагүй байсан. Тиймээс ажил олгогчоос ирж байгаа ажлын байранд иргэдийг 100 хувь зуучилдаг байх хэрэгтэй байна. Мөн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг төгсч байгаа залуучуудын 35 орчим хувь нь ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байгаа. Тиймээс энэ залуучуудыг өөртөө бий болгосон ур чадварт нь түшиглээд хувийн болон өрхийн аж ахуй эрхлэх боломжийг олгохоор ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээлд хамруулах, багаж төхөөрөмжийг хоёр жилийн хугацаатай лизэнгээр өгдөг байх төслийг хэрэгжүүлнэ.

 -Хөдөө орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр ямар бодлого барьж байна вэ?

 -Хөдөө орон нутгийн ажилгүй иргэдийн хувьд олон талын арга хэмжээ авч байна. Юуны өмнө Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгож байгаа жижиг зээлийн 80 хүртэлх хувьд нь Төрийн банк, Сангийн яамтай хамтарч батлан даалт гаргах журмыг хэрэгжүүлж байна. Энэ журмыг хэрэгжүүлснээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл авч байгаа иргэд барьцаа хөрөнгөгүйн улмаас зээлээ авч чаддаггүй байсан асуудал арилна. Өөрөөр хэлбэл, барьцаа хөрөнгө шаардлагагүй, зээл авах боломж нь бүрдэнэ гэж үзэж байна. Мөн хөдөө ажилгүй байгаа иргэдэд нийтийг хамарсан ажилд хамруулах замаар ажлын байртай болгох, мэргэжлийн ур чадвар, баримжаа олгох замаар ажлын байранд зуучлах боломжийг нэмнэ. Түүнчлэн цөөн тооны малтай, малчин залуусыг малжуулах хөтөлбөр хэрэгжүүлж байна.

-Эдийн засгийн хямралтай үед албан байгууллагууд ажилчдаа цомхотгох, ажлын байраа багасгах үзэгдэл гарч байна. Энэ тал дээр арга хэмжээ авдаг уу?

-Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрийн үеэр гурван тал нэг зүйл дээр санал нэгдсэн. Ялангуяа эдийн засгийн хямралтай үед нийгэмд тогтвортой байдлыг хангах нь чухал. Ингэж чадвал ажилгүйдлийг бууруулах, ажлын байрыг хадгалах боломжтой. Мөн эдийн засгийн хямралтай үед Үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудад улс орныг хамарсан жагсаал цуглаан зохион байгуулахгүй байх үүргийг өгсөн. Энэ бол эдийн засаг, нийгэм тогтвортой байлгах, ажлын байрыг хадгалах үндсэн нөхцөл болно.

 -Ээлжийн амралтын 15 хоногийг 20 хоног болгохоор хуульд тусгасан. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

 -Хөдөлмөрийн хуулиар ээлжийн амралтын үндсэн хугацаа 15 хоног байдаг. Судалгаа хийж үзэхэд ээлжийн амралтын үндсэн хоног цөөхөн байдаг улсад манай улс багтаж байгаа юм. Тиймээс Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгаар ээлжийн амралтын үндсэн хоногийг тав хоног нэмж, 20 болгоё гэсэн чиглэлээр санал оруулсан. Нөгөө талаас манай ажилтнуудын 50 хувь нь 40-өөс доош насны залуус байдаг. Залуучууд ажилласан жил багатай байдаг учраас ээлжийн амралтын хоног цөөн болоод байгаа. Ингэснээр ажилтны эрх ашгийг хамгаалсан гэхээс гадна ажил олгогчдын эрхийг хамгаалсан асуудал гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, ээлжийн амралтын ажилласан жилээс хамаарах нэмэгдэл хоногийг хуульчлахаа больж, хамтын гэрээгээр зохицуулахаар болох юм. Харин төрийн албан хаагчдын хувьд Төрийн албаны хуулиар ээлжийн амралтын нэмэгдэл хоногийг тооцно гэсэн чиглэлээр хуулийн төслийг боловсруулсан.