06.24

Хогоо цэвэрлэсэн иргэнд цалин өгнө

Улаанбаатар хотын зарим гэр хорооллын иргэд амьдарч байгаа орчин тойрныхоо хогоо цэвэрлээд цалин авах боломжтой болж байгаа юм байна. Нийслэлийн хогийг багасгах, цэглэх асуудлаар олон төсөл хөтөлбөрүүдийг шат дараатайгаар боловсруулж хэрэгжүүлдэг ч бодит үр дүнд хүрэхгүй байгаа юм.

Нийт 152 хороонд хог ачих, цэвэрлэх, цуглуулах зэрэг ажлуудад хүн хүчний нөөц бололцоо хангалтгүй байдаг байна. Тиймээс иргэд өөрсдөө хогоо цэвэрлэж нийслэлээс цалин авах боломжтой болно. Үүнийг хороодын Засаг дарга нар зохион байгуулах аж.

Мөн хороо тус бүрт нийтийн байцаагч томилж, торгох, хяналт тавих зэрэг ажлыг хийх юм. Нийслэл хогны асуудал дээр хатуу зохион байгуулалттай ажиллаж, иргэд, төрийн байгууллага хамтран ажилласнаар энэ асуудлаа маш энгийнээр шийдэх боломж бүрдэж байна гэж Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал хэллээ.

Олон нийтийн байцаагч нь нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн тохижилт, цэвэрлэгээ, орон сууцны болон гэр хорооллын гудамж, талбайд ил задгай хог хаяхаас урьдчилан сэргийлэх, гарсан зөрчлийг арилгуулах зэрэг арга хэмжээг авч ажиллах юм байна.