Тавантолгойн нүүрсний ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулахаар УИХ, Засгийн газрын тогтоолоор 2010 онд “Эрдэнэс Тавантолгой” компанийг байгуулсан түүхтэй. Үйл ажиллагааны санхүүжилтэд зориулж “Голомт”, “Худалдаа хөгжлийн банк”-наас 131 сая ам.долларын зээл авсан. Мөн БНХАУ-ын “Чалко Трейдинг Хонконг Лимитед” компаниас 350 сая ам.долларын зээлийг нүүрсний урьдчилгаа төлбөр хэлбэрээр авсан билээ. Гэтэл энэ мөнгөнөөс 418 тэрбум төгрөгийг нь иргэдэд зүгээр л тараачихсан. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” компани санхүүгийн хүндрэлд орсон байгаа юм. Олборлоод л байдаг, гаргаад л байдаг ч барагддаггүй өр бол Чалкогийнх. Энэ оны төгсгөл гэхэд өрөө төлж дуусна гэж байсан ч тээвэрлэлтийн хүндрэлээс үүдэн энэ хугацаа дахиад ч хойшлохоор нөхцөл байдал бүрэлдсэн байна.
Алдагдалтай ажиллаж байгааг хоёрхон тоогоор хэлэхэд 2013 онд 80 орчим тэрбумын алдагдал хүлээсэн бол 2014 оны дөрөвдүгээр сарын 14-ний байдлаар 290 гаруй сая ам долларын өртэй болсон аж. “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолд заасан чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор “Тавантолгойн ордын талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд албан ёсоор танилцуулж, зохих чиглэл, зөвлөмжийг гаргуулан авч Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр болжээ. Цаашид байдал улам хүндрэх төлөвтэй байгаа тул хэдийгээр “Эрдэнэс МГЛ”-д харьяалагдаж байгаа ч дотоодын болон гадаадын компаниудыг тендерээр шалгаруулж, энэ төсөлд оролцуулъя гэж шийдвэрлэсэн нь энэ аж.
Эх сурвалж www.wikimon.mn