06.30

Залилан хийсэн 4 Хятадыг батлан даалтад гаргажээ

БНХАУ-ын дөрвөн иргэн Монголд хуурамч карт ашиглан Монголын арилжааны банкуудыг хохироосон гэх хэргийг шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагаа дуусчээ. Тэднийг цагдан хорьсон байсан боловч тэд учруулсан хохирлоо барагдуулаад батлан даалтад гарсан байна.

БНХАУ-ын иргэн Л, Ф, Ю, М нар манай улсын иргэдтэй хамтарч аж ахуйн нэгжийн ПОС терминал төхөөрөмж буюу карт уншигчийг ашиглан 536 сая төгрөгийн хандалт хийсэн юм.

Цагдаагийн ажилтнууд арилжааны банкуудтай хамтарч тэдний үйлдлийг таслан зогсоож, 536 сая төгрөгийг царцаасан ч Хятадын иргэд 166 сая төгрөгийг өөрсдийн данс руугаа шилжүүлж амжжээ. Ингээд мөрдөн байцаах ажиллагааны явцад тэд дээрх мөнгөнөөс 60 сая төгрөгийг бэлнээр авсан болох тогтоожээ. Өөрөөр хэлбэл, Хятадын дөрвөн иргэн бэлнээр авсан 60 сая төгрөгөө буцаан төлөөд батлан даалтад гарсан бөгөөд тэднийг энэ чигээрээ шийтгэлгүй өнгөрөх эсэхийг харах л үлдлээ.