07.01

Н.Цэлмүүн аялал жуулчлалын салбарт хүч үзнэ

Нэртэй айлын зүстэй охин Н.Цэлмүүний тухай мэдээлэл бишгүй бий. Түүнийг баян аавынхаа мөнгөн дээр хөлбөрсөн эрх “муужгай” хэмээн ойлгогсод цөөнгүй. Монголын алтаар хөлжсөн гэх Нямтайширынхнаас түүний хүү УИХ-ын гишүүн Номтойбаяраас бусад нь хэвлэлд албан ёсны ярилцлага өгөөд байдаггүй. Тэднийг “но”-той болоод хэвлэлийнхнээс зай барьдаг хэмээн харддагсад олон. Гадаадын хэвлэлд ярилцлага өгч байснаас дотоодынхонтой ярилцаж үзээгүй хатагтай Н.Цэлмүүн саяхан ikon.mn сайтад дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Тэрээр “Нэг их маркетинг, сурталчилгаа хийгээд байя гэж ерөөсөө боддоггүй. Энэ нь эргээд хүмүүст бага зэргийн хардлага төрүүлдэг байхыг үгүйсгэхгүй. Үйл ажиллагаагаа зөв танилцуулахгүй байгаа нь бидний алдаа ч байж магадгүй” хэмээх тайлбарыг өгчээ.
Түүний хувьд МАК ХХК-ийн дэд ерөнхийлөгч, Хас банкны удирдах зөвлөлийн гишүүний албыг хашдаг. Худалдаа хөгжлийн банкнаас ажлын гараагаа эхэлсэн Н.Цэлмүүн өдгөө  ажлаасаа хөндийрөх боломжгүй, гэр бүлтэй гүйцэтгэх захирлууд болон, гүйцэтгэх захирлын залгамжлагч нарт зориулсан Харвардын эрчимжүүлсэн "Executive Education" хөтөлбөрт хамрагдаж байгаа аж. Нэг тэрбум ам.долларын хөрөнгө шаардлагатай Цагаан Суваргын зэс молибдений төсөлдөө ихээхэн анхаарал хандуулан ажиллаж буй Н.Цэлмүүн эмэгтэй хүний нарийн ухаан шаардсан аялал жуулчлалын салбарт хүч үзэхээр зэхэж байгаа гэнэ. Тэрээр аялал жуулчлалын салбарт говь, хангай хосолсон цогц үйлчилгээг нэвтрүүлж Мэлхий хад цогцолборт 100 өрөө, Залаатад 34 өрөө бүхий бүтик зочид буудлуудын төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.