2008 оны долдугаар сарын 1. Ардчилсан Монголын түүхэнд тэмдэглэгдсэн энэ хар түүх аажмаар бүдгэрч, улстөрчдийн шоуны сэдэв байхаа больсон бололтой. Учир нь тэр өдрөөс хойш яг долоон жил өнгөрлөө. Харин өнөөдөр тэр тухай ярьж, амиа алдсан залуусын талаар дурсч байгаа хүн улс төрийн хүрээнд ч, олон нийтийн сүлжээнд ч байхгүй байна гэхэд хилсдэхгүй. УИХ-ын 2008 оны сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн улстөрчид, иргэний хөдөлгөөнийхөн, сонгогчдын төлөөлөл тухайн үед МАХН-ын байрны өмнө цуглаж эсэргүүцлээ илэрхийлж байв. Харин энэ урсгал, тэр эсэргүүцэл аажмаар ширүүсч орой нь юу болсныг уншигчид маань сайн санаж байгаа болов уу. Ямартай ч сонгуульд ялсан МАХН-ын байр руу иргэд “Молотов” шидэж, тус намын дарга асан С.Баяр үүрээр намынхаа шатсан байрны дэргэд залбирч байсан дүр зураг тодхон. Хэдийгээр тэнд цугласан иргэдийн уур бухимдал дээд цэгтээ тулчихсан, зарим нь экс эрх баригч хүчний байр руу дайрч, чулуу, мод шидэж байх үед тэрбээр МАХН-ын байранд сэтгүүлчдэд мэдээлэл хийж, ард түмнээсээ тусламж хүсч байлаа. Гэвч “гал” зогссонгүй. Ардчиллын түүхэнд “Долдугаар сарын 1-ний үймээн” хэмээн хар бараанаар тэмдэглэж үлдсэн энэ үйл явдлын улмаас таван залуу амь насаа алдаж, улс даяар онц байдал тогтоож, МАХН-ын байр шатаж, тус байранд үйл ажиллагаа явуулдаг байсан олон байгууллага эд хөрөнгөөрөө хохирч, үймээнд оролцсон залуус бөөнөөрөө ачигдаж, цагдаагийн жирийн ажилтнууд гэмтэж бэртэж, эцэст нь цагдаагийн генерал Ч.Амарболд тэргүүтэй хүмүүс хорих ял эдэлсэн билээ.
Харин дээрх явдлын улмаас хэн хохирч, хэн хожив. Улстөрчдийн хууль бус үйлдэл, элдэв тэнэглэлийн хохирогчид нь эх орон, ард түмэн л байдаг. Тэгвэл “Долдугаар сарын 1-ний үймээн”-ээр хожсон хүмүүс гэвэл улстөрчид гэж хатуухан хэлмээр байна. Учир нь тухайн үед “Төр, нийгэмд тогтвортой байдлыг сахиулах зорилгоор МАХН АН-тай хамтран Засгийн газраа байгуулах боллоо” гэх тайлбарыг экс эрх баригч хүчнийхэн хийж байлаа. Үнэхээр ч Н.Алтанхуяг тэргүүтэй АН-ынхан С.Баярын урилгыг хүлээн авч танхимыг нь бүрдүүлснийг зарим нь “Таван халуун амиар сайдын суудал наймаалцлаа” гэж шүүмжилж байсан нь сонины шарласан хуудаснаа түүх болж үлджээ. Үрээ алдсан эх, хүүгээсээ үүрд хагацсан эцгийн сэтгэл л шархалсан хэвээр үлдсэн нь гашуун үнэн. Харамсалтай нь өнөөдөр тэр гашуун үйл явдлын талаар улстөрчид ярих нь битгий хэл хэвлэлүүд ч бараг дурссангүй. Үймээний тухай дурсамж үсээ хусуулагсдын гэрэл зураг, АН, МАН-ынхны хэрүүл мэтхэнээр саринав бололтой. Угтаа УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин 2012 оны сонгуулийн өмнө Төрийн ордонд тухайн үед хэрэглэсэн гэх бууны сумны хонгиог харуулж, “Хэргийн эзэн удахгүй олдох байх” гэсэн найдварыг олон түмэнд төрүүлж байсан. Гэвч энэ явдал АН сөрөг хүчний суудлаа эрх баригчийнхаар сольсноор бүр мартагджээ. “Хонгио” хэмээн хочлогдтолоо дээрх сэдвийг хөндөж байсан Х.Тэмүүжин гишүүн дахиад тэр тухай яагаад ярихаа больсон юм бүү мэд. Ямартай ч өнөөдөр “Долдугаар сарын 1-ний үймээн”-д амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ болсонгүй. Наадмын сураг, намуудын хэрүүл л үргэлжилж байна.
Ж.Гал