11.27

“Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг байгуулна


Өнөөдөр хуваарь ёсоор УИХ-ын зарим Байнгын хороод хуралдана. УИХ-ын Тамгын газрын албан ёсны вэб хуудсанд тавигдсан мэдээллийн дагуу бол өнөөдөр гурван байнгын хороо хуралдах юм. 

Эдгээр байнгын хороодын эхний хэлэлцэх асуудал нь 2014 оны Төсвийн тухай хуульд нэмэлт  өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал бөгөөд энэхүү төслийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийж санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэх асуудал юм.

Харин Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо дангаараа хуралдаж Ноолуурын салбарын бодлогын хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэх бол үргэлжлүүлэн Эдийн засгийн байнгын хороотой хамтарч Х.Баттулга сайдын чөлөөлөгдөх асуудлыг хэлэлцэх юм. 

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “Б” танхимд үргэлжилж Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт, төслийн сонголт, хэрэгжүүлэлтийн талаар Эдийн засгийн хөгжлийн сайдын мэдээлэл сонсох, С.Ганбаатар нарын өргөн мэдүүлсэн Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг, “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн үйл ажиллагааг Үндэсний аудитын газартай хамтран шалгах ажлын хэсэг байгуулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг байгуулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай, Үндэсний статистикийн хороонд чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төсөл гэсэн асуудлуудыг тус тус хэлэлцэнэ. 
Эх сурвалж: www.mminfo.mn