07.02

“Өнөөгийн бөхчүүд хувхай төлөгнүүд болжээ”

Үндэсний их баяр наадам эхлэхэд 10 хоног дутуу байхад дархан аварга Г.Өсөхбаярыг зүүнийг манлайлна гэж Шадар сайд У.Хүрэлсүх тэргүүтэй Баяр наадмыг зохион байгуулах хорооныхон шийдвэр гаргасан дархан аварга А.Сүхбатын фенүүдэд хүндээр тусах шиг боллоо. Дэвжээн дээр хүлээгээгүй ялагдал хамгийн гашуун гэж үг байдаг. Ер нь тэгээд эртнээс спортын ах захын уламжлалтай манайд түрүүлж том цолонд хүрснээ хүндэтгэж байх хэрэгтэй. Үүнд насаар ахимаг, олон одоо шөвгөрсөн, удаан барилдсан ч гэсэн түрүүлж цолонд хүрсэн бөхөөс давж гарах улсын цолгүй бол доор нь зогсох тухай ярьж байна.

Дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар аль зургаан шилдэг зааны хоёр нь байхаас л хоорондоо өрсөлдөж мөнхийн тэмцэл нь эхэлсэн. Спортод өрсөлдөөн байлгүй яахав. Харин энэ өрсөлдөөн хэрээс хэтэрсэн төрөл бол үндэсний бөх. Үүний нэгхэн жишээ болох Г.Өсөхбаяр, А.Сүхбат нарыг нэг өдөр хамтад нь Төрийн ордонд дуудаж дархан аварга цол хүртээхэд гарч ирсэн хойноо Г.Өсөхбаяр сэтгүүлч, зурагчдын өмнө нүүрний хувиралгүйгээр А.Сүхбатын гарыг зориуд өвтгөхөөр чанга гэгч нь атгаж, басхүү эр хүний тэвчээр заасан ч А.Сүхбатын нүүрэнд үл мэдэг өвдөлт мэдрэгдсэн төрх үүсч байсныг анзаарч л явлаа.

Ер нь үндэсний бөхийнхөн хэдийнээс юм бүү мэд учиргүй бааварладаг болж. Монголчууд эрт цагаас эрийн сайн бөх гэж хүү төрөхөд бөх болоорой гэж ерөөдөг байв. Харин өдгөө цагт хүчтэй нэгэнд дээрэлхүүлж буй хүчгүй нэгнийг өмгөөлж хамгаалах бус харин ч тэдэнтэй нийлж хавсааддаг болов. Ивээн тэтгүүлдэг компанийнхаа эзэнд морь нохой мэт үнэнч гэдгээ харуулахын тулд бусдыг төрсөн эх нь танихгүй болтол нүдэх энүүхэнд. Хаа газар л бөхчүүд бааранд бусдыг зодлоо, аймаг, сумынхаа засаг дарга, нутгийн иргэдээ атгаж байна гэх мэдээ чих дэлсэх болов. Тэгээд бяр чадлаа бусдад гарга гээд явуулахаар дэлхийд шившгээ тариад ирнэ. Үнэндээ ойролцоох улс орны бүс нутгуудаас Монголыг гэсэн чин сэтгэлтэй басхүү бага сага барилдчихдаг Тува, Өвөр Монгол зэрэг орны бөхчүүд ирээд манай бөхчүүдийн хий хоосон бардамналыг шүүмжлээд буцсан.

Тэд Монгол үндэсний бөхөөр хичээллэж барилдахыг хүсчээ. Харин олон улсад хаалттай манай бөхийнхөн бусдын чададгүйг хийдэг юм шиг тэднийг хөөж явуулсан. Үндэсний бөхийг сумог шиг интернациональ болгох хэрэгтэйг ирэх биш ардчилсан системээр явж буй Монгол Улс хийнэ. Харин хэзээ вэ. Тун удахгүй ийм шинэчлэл хийж, басхүү цөөхөн монголчуудыг хувааж, хагаралдуулдаг бөхчүүдийн жалга довны үзлийг арилгаж зөвхөн Монголын бөхчүүд, гадаадын бөхчүүд гэх үзэл дэлгэрнэ. Ингэж байж л бөхчүүд соёлжиж, бөхийн ариун ёс эргэн мандана. Нэгэнтээ эрийн муу цагдаа гэдэг байсан бол одоо бөх болж хувирсныг хаа сайгүй ярьж байна. Хамгийн хүн чанар муутай хүмүүсээр бөхчүүд тодорч байна. Хаа газар жаалуулсаар байгаад жаргал нь хэтийдсэн тэд айлд идэж уугаад хэвтэж суухаас өөр юуг ч эс хийнэ.

Нэгнийгээ зовж явахад хаяж явчаад улсын цол авч басхүү олонд танигдаад ирэхээр нь нэг нутгийнх гэдгээ сануулж, гэр орноор нь орж гарч, идэж ууж дайлуулна. Харин буцаад хоосрохын цагт хаяад л явна. Тийм л улс болчихоод байна. Үүнийг жирийн бид битгий хэл тогоонд нь хамт чанагдаж буй бөхчүүд өөрсдөө ч хэлдэг бөгөөд саяхан дархан аварга Ж.Мөнхбат “Өнөөгийн бөхчүүдийг харахаар хааяа уур хүрэх юм. Нэг л их зантай, мэх муутай, хувхай төлөгнүүд болж. Барилдаж байгааг нь харахаар уур хүрээд явчихна. Нэг л их хүнд жинтэй, өөхөн бөмбөгнүүд болж. Би ид барилдаж явах үедээ 73 килограмм л байсан" хэмээн хэлжээ.

Ж.Мөнхбат өнөөгийн бөхчүүдийг мэхний уран гайхамшгийг судалж, өөртөө суулгаж, төрөлжүүлж үндэсний бөхийг улам цааш нь хөгжүүлэх атал харин ч хойш нь татаж, жингээр ааглаж байгаад бухимсандаа ингэж хэлсэн болов уу. Харин жирийн иргэдийн хувьд бөхчүүдийн жин, бяр нэмэхийн хэрээр бусдад спортын бус бааварлаж, мэх хөгжүүлэхийн оронд ам хэлээ хөгжүүлж байгаад харамсч байгаа юм. За тэгээд ам хэл гэлтгүй гар хөл, шүд нь дутуугүй хөгжиж хазаж, тийрэх, өшиглөх, цохихоос гадна  ханцуйн дотроо харахгүйгээр хуруугаараа тэмтрэлцэж наймаалцдаг сүрхий улс дөө.