07.02

Нийслэл хот дахь нэр хаяг, сурталчилгаа, чимэглэлийг Монголчилъё

Айлтгал

Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, Улаанбаатар хотын Засаг дарга бөгөөд нийслэл хотын захирагч та бүхэнд хэвлэлээр айлтган мэдүүлж хүсэхийн учираа: Улаанбаатар хот бол өөрийн үндэсний хэл, соёлын эртний уламжлалт түүхтэй хос бичигтэн монголчуудын нийслэл хот юм, Улсын нийслэл хот нь тухайн улс гүрний нүүр царай нь болж гадаадынханд харагддаг билээ. Гэтэл тус хотын албан байгууллага үйлчилгээний газруудын нэр хаяг, зарлал, мэдээлэл болон гудамж замын дагуу байрлуулсан самбар сурталчилгаа, чимэглэл зэрэг нь харийн, гадаад орны хэл, бичгээр үйлдэгдэх болсон төдийгүй компаниуд албан ёсны нэрээ гадаадаар (англиар) нэрлэдэг, нэг шинэ барилга барьж дуусаад л англи үгтэй өндийн босдог нь хуультай юм шиг болжээ. Харамсалтай нь хуучин монгол бичгээрээ үйлдсэн хаяг нэг ширхэг ч байхгүй шүү. Манай улсын хүчний гол байгууллагын нэг цагдаагийн байгууллага, цагдаа нартаа “Роliсе” гэсэн бичигтэй хантааз өмсүүлэн, албаны машинуудын хоёр хажуу дээр “Роliсе” хэмээн бичиж үүрэг гүйцэтгүүлж байгаа нь хууль болон цэргийн сахилга зөрчсөн явдал мөн. Эдгээр гадааджилт нь Улаанбаатар хотыг Монгол Улсын нийслэл бус аль нэг улсын хот шиг сэтгэгдэл гадаадын зочдод төрүүлдэг байна. Манай Улсад ирсэн гадаадын нэгэн зочин “Танай улс Английн колони байсан уу?” гэж асууж байсан гэдэг. Улаанбаатар хотын гадаадажсан хаягийн гайгаар ахмад настан болон орон нутгаас ирэгсэд хаана нь ямар байгууллага байгааг мэдэхгүй будилах болжээ. Улаанбаатар хотын байгууллагуудын хаягийг монгол бичгээр, өөр хэл дээр бичих шаардлагатай бол доод талд нь гадаад хаягийг тайлбар маягаар бичиж болно гэж журамласан хотын захиргааны зааварчилсан тогтоол байдаг гэх боловч түүнийг биелүүлэх байтугай, дуугарах байгууллага, албан тушаалтан байхгүй юм. Манай зарим сэхээтнүүд эдгээр гадаад үгийн хаягжилт зэргийг, даяаршлын үед байж болох зүйл гэж олзуурхдаггүй байгаа даа? Тэгвэл даяаршилд ул суурьтай, болгоомжтой хандахыг манай эрдэмтэн, мэргэд анхааруулсан байдаг. Ямар ч байсан үндэснийхээ хэл, соёлоо хамгаалан хадгалж, үр хойчдоо Монголоо Монголоор нь үлдээн өвлүүлэх нь монголчууд бидний ирээдүйнхээ өмнө хүлээсэн хариуцлагатай үүрэг билээ. Ард түмнийхээ итгэлийг хүлээсэн та бүхэнд төрөлх монгол үндэснийхээ хэл, соёлын үнэт өв санг цаашид бохирдуулан сүйрүүлэхээс сэрэмжлэн хамгаалж, нийслэл Улаанбаатар хотын доторх хаягийг зохих журмын дагуу, цэгцлэн засуулах албанд гадаад үгийг дур мэдэн хэрэглэх явдлыг журамлан зохицуулах “аяны” ажиллагааг дээрээсээ зориуд зохион байгуулан явуулж Нийслэл хотыг гадаад хэлний хаягаас салгаж хэний ч өмнө нүүр бардам Монголын нийслэл хот хэмээн хэлэх нөхцөлийг бүрдүүлж өгөхийг хэвлэлээр өргөн барьж, хүсэн айлтгав. Хариу хайрлана уу!

Айлтгасан Улаанбаатар хотын

уугуул иргэн Сүхбаатар дүүргийн

II хорооны өндөр настан С.ВААНЧИГ

- See more at: http://www.unen.mn/content/51617.shtml?alias=unen#sthash.fvmJ3XZz.dpuf