07.02

Чингисийн талбайг одоо ч гадаадад Сүхбаатарын талбай гэж ярьж, бичиж байна

Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгож нэрийг нь өөрчилсөнд ард түмэн одоо л нэг дасч эхлэж байгаа. Тэгвэл гаднын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдэд Чингисийн талбайг Сүхбаатарын талбай гэж бичсээр байна. Дотоодын 3 сая иргэндээ бүгдэд нь Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгож өөрчилснөө таниулж чадахгүй байж гадаадын 3 тэрбум хүнд ойлгуулж чадах уу. Гаднынхан одоо л нэг Монгол Улсын төв талбайг Сүхбаатарын талбай гэдэг юм байна гэдгийг мэдэж эхэлж байхад Чингисийн талбай болгосон гаднынхныг ч тэр дотоодынхныг ч тэр төөрөгдөлд оруулж байна. Монгол Улсын төв талбай багтсан гаднын олон ч хэвлэлд Сүхбаатарын талбай гэж тодоос тод бичсэн нь нүдэнд тусдаг юм. Хамгийн сүүлд буюу өнгөрөгч 29-ний өдөр л гэхэд гаднын нэгэн хэвлэлд Монголыг үзэсгэлэнтэй, аюулгүй улс хэмээн жуулчдад сурталчлахын зэрэгцээ заавал үзэх ёстой 8 “гоё” газрыг дурджээ. Тэгэхэд 8 дугаар байранд Сүхбаатарын талбай хэмээсэн байв. Энэ мэт жишээ олон байгааг сануулахын зэрэгцээ талбайн эзнийх нь нэр нь Сүхбаатар атал талбай нь өөрөө Чингис нэртэй байх нь үнэхээр утгагүй зүйл. Гадна, дотногүй төв талбай, Чингисийн талбай  гэхээсээ илүүтэй “Яагаав Сүхбаатар жанжны хөшөөтэй талбай дээр уулзья” гэж ярьдгийг анзаараагүй л бололтой.