07.02

Банкуудын зээл олголт хэвийн байна

Сүүлийн үед банкууд зээлээ хумиж байна гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаж эхэлсэн. Тэгвэл энэ талаар банкуудаас тодрууллаа. Одоогийн байдлаар банкууд орон сууцны 8 хувийн болон өөрсдийн гаргадаг бүх төрлийн зээлийн үйлчилгээг хэвийн үзүүлж байгаа юм байна. Энд нэг зүйлийг онцлоход, зарим  банкууд орон сууцны 8 хувийн хүүтэй зээлийг гаргахдаа өөрийн хөрөнгөөр гаргаад, зээлийн мэдээллээ Монголбанк руу өгч шийдүүлж санхүүжилтээ шилжүүлж авдаг байна. Тиймдээ ч “ХААН” банкны санхүүжилт Монголбанкинд шийдэгдсэн учир зээл олголт хэвийн байгаа аж.
    Тэгвэл “Хас” банк санхүүжилтгүйн улмаас орон сууцны зээл олголтыг түр зогсоосон ч бусад зээлүүд гарч байгаа аж. Төрийн банк болон бусад банкууд ч бүх төрлийн зээлийг хэвийн олгож байгаа гэх мэдээллийг өглөө. Зээл хүсэгч иргэдийн хувьд банкны шалгуурыг хангахгүй байх нь бий. Тиймдээ ч “Банкнаас зээл авахын тулд зээл авахааргүй баян гэдгээ нотлох хэрэгтэй” гэсэн явган яриа байдаг. Тэгвэл энэ бодит байдал дээр үнэний ортой. “Голомт” банк л гэхэд орон сууцны зээл хүсэхэд хоёр зээлдэгч хоёул тус банкаар цалингаа авдаг байх ёстой гэх шаардлага тавьдаг. Энэ мэтээр банк бүр өөр өөрийн шаардлагыг тавьж байгаа бөгөөд хэрвээ зээлдэгч банкны шаардлагыг хангасан тохиолдолд бүх төрлийн зээл авах боломжтой юм. Ямартай ч банкуудын зээл олголт хэвийн үргэлжилж байгаа юм байна.

Н.АЗ