“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод такси үйлчилгээ үзүүлдэг 17 компанийн 500 гаруй жолооч нарт такси үйлчилгээний шинэчлэгдсэн стандарт, үйлчилгээ, харилцаа болон замын хөдөлгөөний соёлын чиглэлээр сургалт явууллаа. Энэ нь нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Тээврийн газар, Улаанбаатар хотын Замын цагдагийн газар, Такси үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос хамтран зохион байгуулж байгаа “Найрсаг Улаанбаатар-Соёлтой такси” аяны хүрээнд хийгдэж буй ажлын нэг юм. Жуулчдын дунд явуулсан судалгаагаар таксины жолоочийг мөнгө залилдаг, тоолуургүй, тасалбар өгдөггүй, автомашин нь бохир, тусгай зогсоолд зогсдоггүй, хэт хурдан бөгөөд дүрэм зөрчин давхидаг, хамгаалалтын бүсгүй, англи хэл огт мэддэггүй, үйлчилгээний соёлгүй, бүдүүлэг харьцдаг гэж хариулсан байна. Аялал жуулчлал хөгжсөн олон оронд такси үйлчилгээг тодорхой шаардлагуудыг хангасан жолооч бүхий мэргэжлийн компаниуд явуулдаг. Учир нь таксины жолооч нар олонх тохиолдолд жуулчны хөтөч тайлбарлагч, орчуулагч, газарчийн үүргийг давхар гүйцэтгэдэг. Иймд хотын аялалд гадаад хэл, харилцааны ур чадвар эзэмшсэн жолооч бүхий такси үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна.