03.05

Анна Винтур татгалзсан хариу анх удаа сонсчээ

“Парада өмссөн чөтгөр” уран сайхны киноны бодит дүр болох АНУ-ын “Vogue” сэтгүүлийн эрхлэгч Анна Винтур татгалзсан хариу анх удаа сонслоо. Тэрбээр хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан Кеймбрижийн гүнгийн ахайтан Кейт Миддлтонд “Vogue” сэтгүүлд зориулж зургаа авахуулах саналыг хэдэнтээ тавьсан байна.

Гэвч тухай бүрт Букингемийн ордноос татгалзсан хариу хүлээн авдаг байв. Саяхан болсон “Оскар”-ын наадмын дараа Анна Винтур гүнгийн ахайтанд “Vogue” сэтгүүлийн нүүрийг чимж, зургаа авахуулах хүсэлтийг биечлэн тавьсан ч татгалзсан хариу сонсчээ. Учир нь “Английн хааны гэр бүлийн гишүүн загварын сэтгүүлд зургаа авахуулах нь ёс зүйгүй үйлдэл” гэсэн зарчмыг Букингемийн ордонд баримталдаг аж. Энэ талаар хатан хааны хэвлэлийн төлөөлөгч “Гүнгийн ахайтан өөрийн хүсэлтээр сэтгүүлд зураг авахуулахаар шийдсэн тохиолдолд “Time”, “Wall Street Journal” зэрэг сэтгүүлийг Букингемийн ордон хүлээн зөвшөөрнө” гэжээ.

Х.ЗАЯА