Өчигдөр нийслэл хотын замын голд бөөн түгжрэл үүсгэн, зам дээр нэгэн эмэгтэйг шанаадаж улмаар машиндаа хүчээр суулган авч явсан цагдаагийн асуудлаар өнөөдөр 14:00 цагт Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвд мэдэгдэл хийж, ард түмнээсээ уучлалт гуйв.
Төрийн хувцас өмссөн үедээ олон нийтийн нүдэн дээр эмэгтэй хүн гэлтгүй шанаадаж, толгой уруу нь дэлсээд авсан бүдүүн цагдааг очоод яасан ч юм билээ гэж хардах хүмүүс олон байсан ба түүнийг ХУД-ийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, ахмад Э.Баасандорж болохыг тогтоосон юм.
Харин энэ асуудлаар мэдэгдэл хийсэн ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Улаанбаатар хотын цагдаагийн газарт уг асуудалтай холбогдуулан албаны шалгалт хийсэн. Албаны шалгалтын комиссоос тус албан хаагчид хариуцлага тооцсон байгаа. Харин иргэний биед халдсан асуудал дээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тухайн шалгагдаж байгаа албан хаагчид авсан арга хэмжээ, эрүүгийн хэргийн талаарх үйл явцыг та бүхэнд эргэн мэдээллэх болно.
Цагдаагийн байгууллагаас цагдаагийн албан хаагч хууль зөрчсөн, ёс бус үйлдэл гаргасан бол мэдээллийг 126 тусгай дугаар, ЦЕГ-ын цахим сайт, хуудсуудаар байнга хүлээн авах болно” гэжээ. Харин энэ хэрэг “ХУД-ийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, ахмад Э.Баасандоржийг автомашинтайгаа явж байхад, Хан-Уул дүүргийн харъяат У гэгч эмэгтэй автозамын хажууд таарч, Э.Баасандоржийг хэл амаар доромжилж, машиныг нь өшиглөснөөс үүдэн гарчээ.
Машиныг нь өшиглөсөнд уурласан Э.Баасандорж бууж ирж иргэн У-г зодож, улмаар авч явсан байна.аж. Энэ хоёрын хооронд эртний маргаан байсан бөгөөд Э.Баасандорж иргэн У-ийн асуудалд ёс зүйгүй хандснаас үүдсэн аж.