Дэлхийн хамгийн баян чинээлэг орнуудын нэг бол Саудын Араб. Тиймдээ ч Саудын Арабын хунтайж дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг. Өдгөө 60 настай тэрбээр нийт 32 тэрбум ам.долларын хөрөнгөө бүгдийг нь буяны үйлсэд зориулахаа амласан нь дэлхий даяар шуугиан тариад байгаа юм. Ингэснээр хунтайж Алвалид хөрөнгөө буяны үйлсэд зориулахаар амласан Ойрхи Дорнодын анхны тэрбумтан болж байна. Тэрбээр энэ талаар мэдэгдэхдээ, 1997 онд Билл болон Мелинда Гейтсийн байгуулсан “Гейтс сан”- гаас үлгэр авсан хэмээсэн байна.
Хандаивлагч хөрөнгөө дэлхийн улс орнуудын соёлын ойлголцлыг гүнзгийрүүлэх, эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх, аюул гамшиг нүүрлэсэн үед шаардлагатай тусламжийг санхүүжүүлэхэд зарцуулна хэмээгээд, нарийн тодорхой төлөвлөгөөг ойрын жилүүдэд гаргана гэжээ. Түүнийг нас барсны дараа хөрөнгийг нь буяны үйлсэд үргэлжлүүлэн зарцуулна гэдгийг өөрөө нэмж хэлсэн байна. Гейтсийн гэр бүлийнхэн түүний шийдвэрийг сайшааж буйгаа илэрхийлжээ. “Форбес”-ын судалгаагаар, Саудын Арабын хунтайж дэлхийн баячуудын 34 дүгээрт жагсдаг бөгөөд “Kingdom Holding” хөрөнгө оруулалтын фирмийн ТУЗ-ийн даргын алба хашдаг байна. Түүний байгуулсан “Al- waleed Philanthropies” сангаас өнгөрсөн хугацаанд буяны үйлсэд хэдийнэ 3.5 тэрбум ам.доллар хандивлажээ.