Хилс хэргээр хоригдож байгаа нэг сэжигтэн залуугийн ээж гомдол цөхрөлөө ярив. Хүүхэд нь хулгай, дээрмийн хэргээр хилслэгдэж шоронд суугаад хоёр жилийн нүүр үзэж байгаа ажээ. Өмгөөлөгч нь хүртэл түүнийг хилсээр, хэрэгт ямар ч хамааралгүй шоронд суусан юм байна гэдгийг батлаж, нотлохоор явсаар байгаа гэнэ. Залуугийн ээж О өдгөө Өршөөлийн тухай хуулийг нь батлуулахыг хүсэж, хүүгээ суллагдахыг хүлээж байгаа юм.
Гэтэл дээрх хуулийг санаачилж, батлахаар зүтгэж яваа гишүүдийн хуулийн төслийг УИХ дээр гацааж, царцаасан байгаа. Уг хуулийн төслийг хэлэлцэхийг түр хугацаагаар хойшлуулсан байгаа бөгөөд олон хүн түүнийг батлаж, хэрэгжүүлэхийг харж, хүлээж байгаа нь үнэн. Монголд нэг ч гэсэн айл элэг бүтэн, инээд хөөрөөр дүүрэн байхыг хүсэж өнгөрсөн өвөл хилсээр хоригдон ял эдэлж байгаа хүмүүсийн ар гэрийнхэн жагсаал цуглаан хийсэн ч амжилтад хүрээгүй.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 7000-8000 хүн хорих ангид ял эдлэж байгаа юм. Цагдаа, прокурор, шүүхийн байгууллага дээр шийдвэрлэгдэх гэж байгаа гэмт хэрэгтний тоо 3000-4000, хүн амын дийлэнх хувь нь нэн ядуу учир нийгэмд булаалт, дээрэм, хулгайн гэмт хэргүүд зонхилж байдаг.
Нэг жилд 19000-22000 хүн гэмт хэрэгт холбогддог, 3000-4000 хүн хорих ялаар, 4000-4500 хүн тэнсэн харгалзах болон баривчлагдах ялаар, 9000-10000 хүн торгууль болон шийдвэрээр шийдвэрлэгддэг гэж үзэхэд хоёр сая хүнтэй Монгол Улсын хувьд үзэхэд 100 жилийн дараа нийт хүн ам нь бүгд хоригдоно гэсэн статистик тоо баримт ч байдаг аж. “Монгол Улс-шоронжсон улс” болоход тун ойрхон байна. Тиймээс гэмт хэрэг үйлдээгүй, хилсээр хоригдсон сэжигтэн ялтнуудыг суллах нь зөв гэдгийг гишүүд болон албаны хүмүүс үзэж байгаа юм.