07.08

АН “аав”-ынхаа үгэнд орох уу

Өдгөөгөөс жилийн өмнө төмөр замын асуудлаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүн Х.Баттулгыг дуудаж уулзаж байв. Тухайн үед Монгол Улсад нарийн царигтай төмөр зам тавих нь зөв, буруу гэсэн байр суурь сүүлийн үед нийгмийн аль ч түвшинд хурцаар хөндөгдөж, царигийн талаарх нэвтрүүлэг гарснаар олон нийтийн сүлжээнд энэ сэдэв хүч авч иргэд ч хоёр хуваагдаад байсан. Тиймээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүн Х.Баттулгыг дуудаж уулзаад “Буруу шийдвэр гарах гэж байгаа бол шүүмжилнэ, хориг тавина” хэмээн зэмлээд амжсан.
Дээрх уулзалтын дараа Х.Баттулга гишүүн “Ерөнхийлөгч өнгөрсөн баларсан зүйлийг гарч ирж ярьсан. Ерөнхийлөгч гэхээр тэр чигээрээ ухаантай хаан хүн биш. Ерөнхийлөгч дээр ороод яагаад дуугараагүй гэхээр надад цаг өгөөгүй. Зөвшөөрөл өгөөгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч хүн учраас би бас төрөө хүндэлж байна. 20 минут ярих байх гэж бодсон. Өөрөө баахан буруу мэдээлэлтэй өөрөө юм бэлдэж гарч ирээд л ярьсан” хэмээсэн байдаг юм. Тэгвэл дээрхтэй адил үйл явдал өчигдөр боллоо. Учир нь АН-ынхан хамтарсан Засгийн газраа унагаахаар оролдож байгаа энэ үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн тэргүүний хувьд намуудын удирдлагууд болоод Засгийн газрын гишүүдийг хүлээн авч уулзав.
Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч уулзалтын үеэр “Саяхан хоёр намын дарга З.Энхболд, М.Энхболд нар миний хажууд суугаад төрийн албыг хариуцлагатай болгоно. Улс төрийн намыг хариуцлагатай болгоё гэсэн үзэл санаан дээр тохирсон шүү дээ. Ингэж ярьсан зүйлээсээ буцаад байж болохгүй. Нэгэнт тохироод ойлголцоод үүнийг засъя гэж байгаа бол үйлдлээрээ, үйл ажиллагаагаараа буруу гэж үзсэн жишгээ үргэлжлүүлж болохгүй”, “Төр бол нэг тэргүүнтэй шүү. Ард түмний дундаас сонгогдсон, бүх ард түмнийг төлөөлж үг хэлдэг нэг л хүн байгаа. Хэлсэн байхад энэ чиглэлээр ажиллах хэрэгтэй. Ерөнхий сайд ажлаа гартаа авах хэрэгтэй. Санаачилгаа гартаа авах хэрэгтэй. Ерөөсөө танхимын асуудал, Засгийн газрын асуудлыг Ерөнхий сайд л шийднэ. Хэрэв засагтай холбоотой янз бүрийн асуудал гарч ирэх юм бол би хүлээж авахгүй. Үүн дээр байр сууриа маш тодорхой илэрхийлье . Та нар ч тэгэх хэрэгтэй. Хүлээж авахгүй л гэж ярьж байсан шүү дээ. Хэлсэн ярьсандаа л байя” хэмээн хатуухан хэлээд амжлаа.
    Ерөнхийлөгчийн энэ уулзалтын талаар олон нийтийн сүлжээгээр янз бүрийн мэдээлэл гарч байгаа бөгөөд “аав” нөхдийг дуудаж загналаа ч гэлцэж байгаа юм. Тэгвэл АН-ынхан “аав”-ынхаа үгэнд орох болов уу. Ямартай ч Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг  “Зургаан сайдыг Ерөнхий сайд оруулж хэлэлцүүлнэ гэдгийг  Ерөнхий сайдын хувьд дэмжихгүй байгаа. Ерөнхийлөгчийн байр суурийг сонслоо. Байр суурийг ойлгож байна. Парламентад суудалтай улс төрийн намууд, бас  Ерөнхий сайд  оролцоод энэ яриа, хэлэлцээг парламент дээр үргэлжлүүлээд ойрын хугацаанд энэ асуудлыг нэг тийш болгох хэрэгтэй гэдэг дээр санал нэгтэй байна. Ерөнхий сайдын хувьд энэ үйл явцад оролцоод явна гэсэн бодолтой байна” хэмээсэн бол АН-ын дарга З.Энхболд “Огт хөдөлгөөнгүй байдаг Засгийн газар гэж байхгүй. Ерөнхий сайд өөрчлөгдөхгүй, кабинетын талаас илүү нь өөрчлөгдөхгүй байх нь л чухал. Тэрнээс буруу ажилласан хэдэн сайд өөрчлөгдөх нь байх ёстой зүйл” гэх байр суурийг илэрхийллээ. Ямартай ч ардчилсан Ерөнхийлөгч Засгийн газар хөдлөх ёсгүй хэмээн хатуухан байр суурь илэрхийллээ. АН-ынхан харин түүний үгэнд орох болов уу.

Г.НАРАН