03.06

Монгол банкны Ерөнхийлөгч “тусламж” болгон тараасан 3 тэрбум гаруй төгрөгөө тайлбарлах ёстой болжээ

УИХ-ын гишүүн Г.Уянга өчигдөр цахим ертөнцөд шуугиан дэгдээсэн баримт дэлгэлээ. Тэрбээр Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргалын тушаалаар нэр бүхий  хүмүүст 3 тэрбум 700 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгосон баримтыг дэлгэсэн байна.

Тодруулбал, Г.Уянга гишүүн өөрийн цахим хуудаснаа “Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалаар С.Болдод 180 сая төгрөгийн буцалтгүй тусламж, Д.Чимэд-Юндэнд 90 сая, Х.Дэлгэр, Д.Ганбат нарт 139 сая 500 мянга......гэх мэтээр зөвхөн ганц хуудас баримтаас харахад 3 тэрбум 700 сая төгрөгийн буцалтгүй тусламж шилжүүлсэн баримт. Мөн гэрээ дүгнэсэн актын дагуу 10 сэтгүүлчийн Сөүл явах томилолтын урьдчилгаа.....гэх мэт....” хэмээн бичжээ.

Түүнчлэн, тэрбээр энэхүү баримтуудыг үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгчид албан тоот явуулсан байна.

Харин энэхүү буцалтгүй тусламж авсан хүмүүсийн хувьд хаана ямар ажил эрхэлдэг болох нь тодорхойгүй. Чухам яагаад энэ олон хүнд их хэмжээний буцалтгүй тусламж олгосон нь олны анхаарлыг татаад байна. Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын гишүүн Г.Уянга удахгүй мэдээлэл хийх юм байна.

Иймээс Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал эдгээр хүмүүст юуны учир их хэмжээний буцалтгүй тусламж олгосноо тайлбарлах ёстой болж байх шиг байна.