07.09

АН засаглаж чаддаггүй гэдэг нь л энэ байх

АН-ынхан Засаглаж чаддаггүй, МАН-ынхан жагсаж чаддаггүй гэх нэг үг бий. Түүнийг батлах үйл явдлууд наадам ойртож буй энэ өдрүүдэд болж байна. АН-ынхан гол хамтрагч МАН-аа гэрээгээ биелүүлсэнгүй гээд 6 сайдыг нь буцаана гээд бөөн юм болж байна.

Тэгвэл хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-ын байнгын хорооны асуудал дээр ч АН-аас томилогдсон дарга нь асуудал үүсгээд байна. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх үед хуульч таван гишүүн эсэргүүцэж, шүүмжилсэн.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ж.Батзандан, О.Баасанхүү, Ц.Оюунбаатар, Л.Цог нар байнгын хорооноос гарахаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Тэдгээр гишүүд ийм хуулийг батлах боломжгүй учир байнгын хороонд суухгүй гэсэн билээ.

Харин тус байнгын хорооны дарга Д.Ганбат нь чуулганы хуралдаан дээр “Хууль зүйн байнгын хорооны хэдэн гишүүн байнгын хорооноос гарна гэсэн байна лээ. Байнгын хорооноос гардаг юм бол УИХ-аас гараарай, ажлаа хийж чадахгүй бол зайлаарай” гэж авах юм.

Гэтэл УИХ-ын дарга З.Энхболд байнгын хорооны даргад “Байнгын хорооны гишүүдийг хөөх бол буруу” гэсэн тов хийсэн зөвлөгөө өгч байна. Энэ чинь одоо юу болж байна аа. Ард түмнээсээ саналаа авч УИХ-д сонгогдож ирсэн гишүүдийг нэг нь ингэж хөөж тууж болдог юмуу.

Тэгвэл Засгийн газраас МАН-ыг гаргах ёстой гэсэн асуудал дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр байр сууриа илэрхийллээ. Тэрбээр МАН-ыг засгаас гаргах шаардлагагүй, хамтарснаараа хамтраад ажлаа урагшлуулах ёстой гэлээ.

Харин түүний үгийг хүлээж авахгүй гэдэг нь тун тодорхой байх шиг. Ингэснээр Монгол улс гантай, эдийн засгийн хямралтай байгаа энэ цаг үед улстөрийн хямрал нүүрлэх нь тодорхой байна.

Үүнийг ч ерөнхийлөгч тодорхой хэлнэ лээ. Хэрвээ МАН-ын зургаан сайдыг сольдог юм гэхэд Шийдлийн Засгийн газар унаж л таарах байх. Энэ бүхэн нь зун, намар дамжин үргэлжлэнэ. Тэгэхээр АН засаглаж чаддаггүй болох нь илт байна бус уу.