Жил бүрийн үндэсний их баяр наадмаар уралдаанч хүүхдүүдийн эрхийн тухай асуудал хөндөгддөг. Энэ жилийн тухайд стандартын шаардлагад нийцсэн хамгаалалтын иж бүрэн хувцастай, ослын даатгалд хамрагдсан, долоогоос дээш насны унаач хүүхдийг хурдан морины уралдаанд оролцуулахаар болжээ. Одоогоор улсын хэмжээнд 8000 гаруй хүүхэд бүртгүүлжээ. Бүртгэлийг Хүүхдийн төлөө үндэсний газраас цахим хаяг нээж, энэ сарын 12-ны оройн 22.00 цаг хүртэл явуулна. ХТҮГ-ын мэргэжилтэн Ц.Нарандэлгэр “Хүүхэд бүр ослын гэнэтийн даатгалд хамрагдсан байх ёстой. Даатгалыг 25 мянга болон түүнээс дээш мөнгөн дүнгээр хийнэ. Мөн ХТҮГ-аас тавьсан шаардлагыг хангасан унаач хүүхдийг хурдан морь унуулна. Хэдийгээр бүртгүүлсэн ч гэсэн шаардлага хангаагүй бол уралдаанаас хасна” гэв.
Ц.ЗАЯА