Улаанбаатар хотын төвд аюулаас гадна түгжрэл дагуулж буй нэг зүйл бол шатахуун түгээх станцууд. Эрх мэдэлтэй нэгний хөлд сууж, хэн дуртай мөнгөтэй нь хотын А зэрэглэлийн бүсэд колонк хэмээх тэсрэх бөмбөг байршуулсаар мөн ч удлаа. Орон сууцны хороолол дундаас эхлээд хүүхдийн цэцэрлэг сургууль гээд аль болох аюултай бүсэд колонк хэмээх зүйл байршуулсаар өнөөдөртэй золгов.
Манайхаас бусад улс оронд шатахуун түгээх станцуудыг тодорхой цэгт байршуулдаг дүрэм журамтай аж. Тэд түүнийгээ л дагадаг байна. Харин манай улсын хувьд тодорхой дүрэм журам байдаг ч үүнийгээ дагаж мөрдөнө гэж үгүй аж. Тэгэхээр хотын төвд байгаа шатахуун түгээх станцуудыг тодорхой цэгт зайлуулчихвал хамгийн наад зах нь хотын түгжээ багасч таарна. Хамгийн гол нь аюулгүй байдлаа бүрэн хангана гэсэн үг. Ойрын жишээ татвал XXIII хороолол зүүн дөрвөн замын уулзвар дээр хоёр талд нь колонк байгаа юм.
Тэр тусмаа замын зүүн талд байх колонкийг унуулаад шахам “Зүүн хүрээ” шилтгээн гэх орон сууцны барилга бий. Энд байр орон сууц худалдаж авахад үнэхээр эрсдэлтэй. Тэсрэг бөмбөгтэй бөөрөө нийлүүлсэн энэ байранд ямар тэнэг толгой нь байр худалдаж авах юм бэ. Энэ мэт дурдаад байвал маш олон газрууд колонктой бөөрөө нийлүүлсэн нь бий.
Тиймээс өдгөөгийн нийслэлийн удирдлагууд энэ тал дээр анхаарал хандуулж, цэгцлэх цаг аль хэдийнээ болсон. Тэрчлэн энэ олон худалдааны захыг ч хотын төвөөс зайдуу, тодорхой цэгт байршуулах цаг нь болсон. УИХ-ын дэд дарга М.Энхболд хотын даргаар ажиллаж байхадаа Цайз захад байрлалтай байсан түүхий эдийн захыг Эмээлт рүү нүүлгэсэн нь энгийн хэрнээ түүхэн шийдвэр байсан гэдгийг олон хэлэх байх. Энэ мэтээр болж л байсан зүйл. Шатахуун түгээх станцуудыг буулгаад тодорхой цэгт байршуулахад юу нь болохгүй байгаа юм бэ. Заавал хүн ардынхаа ам насанд заналхийлсэн байршилд шатахуун түгээх станцуудыг байлгаад байх хэрэггүй. Үүнд бол ямар ч асуудал алга.
А.Гал