АН-аас өчигдөр яаран сандран мэдэгдэл гаргаж хамтрагчаа “зайлуулах” шийдвэрээ бататгалаа. Өөрөөр хэлбэл Засгийн газраас МАН-ын сайд нарыг хөөж байгаагаа үүгээр мэдэгдсэн юм. Засгийн бүтэц яригдаж эхэлсэнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн тэргүүний хувьд намуудын удирдлагууд болоод Засгийн газрын гишүүдийг хүлээн авч уулзаад “Төр бол нэг тэргүүнтэй шүү. Ард түмний дундаас сонгогдсон, бүх ард түмнийг төлөөлж үг хэлдэг нэг л хүн байгаа. Хэлсэн байхад энэ чиглэлээр ажиллах хэрэгтэй. Ерөнхий сайд ажлаа гартаа авах хэрэгтэй. Санаачилгаа гартаа авах хэрэгтэй. Ерөөсөө танхимын асуудал, Засгийн газрын асуудлыг Ерөнхий сайд л шийднэ. Хэрэв засагтай холбоотой янз бүрийн асуудал гарч ирэх юм бол би хүлээж авахгүй. Үүн дээр байр сууриа маш тодорхой илэрхийлье . Та нар ч тэгэх хэрэгтэй. Хүлээж авахгүй л гэж ярьж байсан шүү дээ. Хэлсэн ярьсандаа л байя” хэмээн хатуухан хэлсэн.
Ингэснээр АН-ынхан “аав”-ынхаа үгэнд орох болов уу гэсэн хүлээлт олон нийтийн дунд байсан юм. Гэсэн хэдий ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Уфа хотод ШХАБ болон БРИКС-ийн орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцохоор явсан хойгуур МАН-ын сайд нарыг хөөх мэдэгдлээ гаргаатахав. Ер нь АН хэн нэгний эзгүйд шийдвэр гаргахтай гаргууд гэдэг нь үүгээр харагдаж байгаа юм. Учир нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хөрөнгө оруулалт олохоор гадаадад айлчлал хийж явах үед нь АН Засгийн газрыг нь “хөмөрчихөөд” сууж байсан. Тэгвэл “Засгийн газрын бүтэц өөрчлөх асуудлыг хүлээж авахгүй” гэж мэдэгдсэн Ерөнхийлөгчийг эзгүйд МАН-ыг засгаас хөөх шийдвэрээ ийнхүү гаргалаа.
Ямартай ч танхимаа авч үлдэх үү, гишүүдээсээ хөөх үү гэсэн ацан шалаанд орчихоод байсан Ч.Сайханбилэг хүчин мөхөстсөн бололтой. Учир нь энэ үйл явц З.Энхболд, Ч.Сайханбилэг хоёрын хэн нь ялахаа үзэх “тулаан” байсан гэж болно. Тэгвэл дээрх “тулаан”-д З.Энхболд ялсан бололтой. Учир нь АН-д “Алтангадас” урьдын адил нөлөөтэй байсан бол Ч.Сайханбилэгийн танхимаас зургаан сайд сугалахгүй. Гэтэл “Алтангадас”-ыг унагах гэсэн зөрчил АН-ын фракциуд дунд хэдийнэ хүчээ авчихсан тохиолдолд энэ талаар боллоо. Ийнхүү АН “аав”-ынхаа эзгүйд хамтрагчаа “зайлууллаа”.

Г.НАРАН