07.10

Нийгмийн даатгалын мөнгөөр барилгын салбарыг санхүүжүүлэх нь зөв үү?

Барилгын салбарын оргилж буцалсан үе дуусч, зогсонги байдалд ороод байгаа билээ. Хэдийгээр Засгийн газраас энэ салбарыг дэмжиж, иргэдээ орон сууцтай болгохын тулд ипотекийн зээл гаргасан ч яг одоогийн байдлаар орон сууцны зээл авах бэл бэнчинтэй нь аваад дуусчихсан. Мөн 10 хувийн зээлээр орон сууцанд орох иргэн 20-30 мянган өрх байгаа гэсэн судалгаа гарчээ. Гэтэл ийм үед Засгийн газар нэгэн анхаарал тавихгүй байхын аргагүй санал гаргаад байна. Тодруулбал Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг орон сууцны ипотекийн зээлийн санхүүжүүлэхэд зарцуулж, сул байгаа мөнгийг үр ашигтай хөрөнгө оруулалт болгон ашиглах санал гаргалаа. Энэ нь та бидний сар бүр улсад төлдөг 10 хувь, ирээдүйд тэтгэвэр болгож эргүүлэн авах мөнгийг барилгын салбарт оруулах юм. Одоогийн байдлаар Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 890 орчим тэрбум төгрөг байгаагаас арилжааны банкуудад 500 гаруй тэрбум төгрөг хуваагдан байршиж байгаа аж.  

Ирэх 30 жилд өмнөхөөс тав дахин их хүн тэтгэвэрт гарна. Тэр үед нийгмийн даатгалын сангийн мөнгө тэтгэвэр тавьж хүрэхгүй байх вий гэсэн болгоомжлол байгаа юм.

Энэ санал зөв, буруу эсэхэд улс төрчид бодоод эдийн засагчид эсрэг тэсрэг байр суурьтай байна. Учир нь нэгэнт иргэдийн нийгмийн даатгалаас хуримтлагдсан мөнгө бэлэн байхад үүнийг эргэлтэд оруулах хэрэгтэй. Одоогоор барилгын салбарт хөрөнгө оруулалт хамгийн чухал хэрэгтэй байгаа тул үүнд зарцуулах нь зөв гэсэн байр суурийг нэг хэсэг нь илэрхийлж байгаа юм. Тухайлбал Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар “Нэг иргэн тэтгэвэрт гарахдаа нийгмийн даатгалаараа өөр нэг иргэнийг орон сууцтай болгосон байна. Засгийн газар үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргана. Байраар барьцаалагдсан үнэт цаас учир эрсдэл гарлаа гэхэд байр тэглэсэн үнэтэй байхгүй” гэж тайлбарлаж байгаа юм.

Нөгөө талаас нийгмийн даатгал төлөгчдөөс тэтгэвэр авагчид нь их болох дүр зураг харагдаж байгаа энэ үед хуримтлуулсан мөнгийг нь хамгийн эрсдэлтэй салбарт оруулж болохгүй хэмээн сэрэмжлүүлж байна. Ирэх 30 жилд өмнөхөөс тав дахин их хүн тэтгэвэрт гарна. Тэр үед нийгмийн даатгалын сангийн мөнгө тэтгэвэр тавьж хүрэхгүй байх вий гэсэн болгоомжлол байгаа юм.

УИХ-ын гишүүн Д.Баярсайхан "Дэлхийн эдийн засгийн байдлыг ажиглах нь зүйтэй байх аа. Тэтгэврийн сангийн мөнгө барилгын салбарт ороод түгжигдвэл яах вэ. Тэтгэврийн мөнгийг хариуцлагатайгаарзохицуулах ёстой” гэв. Харин УИХ-ын гишүүн Г.Уянга "Энэ бол барилгын салбарын дэмжсэн хууль. Өнөөдөр үл хөдлөх хөрөнгө рүү хөрөнгө оруулалт хийх цаг нь биш” гэдгийг анхаарууллаа.

Ямартаа ч нийгмийн даатгалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр энэ асуудлыг хэлэлцэж эхэллээ. Баяр наадмын дараа намрын чуулганаар хэлэлцэх асуудлын хамгийн чухал нь ч энэ сэдэв байж мэдэх юм.