Мэргэжлийн хяналт болон онцгой байдлын албаны нэрийг барьж “но”-той аж ахуйн нэгжүүдээс мөнгө авдаг байсан этгээд баригджээ. 31 настай Б гэгч дээрх этгээд зоогийн газар угаагч хийдэг байсан бөгөөд нэгдүгээр сараас эхлэн өчигдрийг хүртэл 10 гаруй сая төгрөг залилан авчээ.
Тэрбээр Мэргэжлийн хяналт юм уу онцгой байдлын албаны нэрийг барьж “Удахгүй танай аж ахуйн нэгжид шалгалт орно. Бичиг баримт галын дүгнэлт байхгүй бол би гаргаж өгье” гэдэг байжээ. Тэгэхдээ дүгнэлт гаргуулахын тулд банкны данс руу нь мөнгө хийхийг санал болгодог байсан гэнэ.
Харин цаад хохирогч болсон аж ахуйн нэгжүүдийн хувьд шалгалтад унахгүйн тулд мөнгө шилжүүлдэг байжээ. Тийнхүү 85 мянгаас 1.3 сая хүртэлх төгрөгийг нийтдээ 40 гаруй аж ахуйн нэгжээс авч дөнгөжээ. Дээрхи байгууллагууд залилуулснаа мэдсэн ч хууль бус зүйлд мөнгө зарцуулсан тул гомдол гаргаж чаддаггүй байсан гэнэ.
Тэдгээрийн дийлэнх нь жижиг цайны газар үйлчилгээний байгууллага байсан нь мэргэжлийн хяналт эсвэл онцгой байдлын албаны шаардлага, стандартыг хангаагүй байдагтай нь холбоотой юм.