Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хот төдийгүй хөдөө, орон нутагт их хэмжээний усархаг бороо орж байгаагийн улмаас усны түвшин нэмэгдэж буй. Өчигдөр л гэхэд нийслэлд 13.30 цагийн үед хүчтэй аадар бороо орлоо. Хэсэгхэн хугацаанд үргэлжилсэн усархаг борооны улмаас хотын зарим газар үерт автлаа. Тухайлбал, нийслэлийн төв хэсэг болох Багшийн дээд, Хөдөө аж ахуйн буудал, “Чингис” зочид буудлаас уруудах зам бүхэлдээ, мөн III, IV хороолол орчим зэрэг олон газарт зам талбай үерт автаж, оршин суугчдыг багагүй сандаргав. Нийслэлийн онцгой байдлын газраас өгсөн мэдээллээр өчигдөр үерийн дуудлага тасраагүй аж. Нийт хүлээн авсан дуудлагын ихэнх хувийг Баянзүрх дүүргийн I, II хороо болон гэр хорооллын айл өрх эзэлжээ. Иймд Улаанбаатар хотын цагдаагийн газар болон нийслэлийн Онцгой байдлын газраас хур бороо ихээр орж голын усны түвшин нэмэгдсэн үед гол болон гүнзгий тогтоол усанд орохгүй байхыг анхаарууллаа. Түүнчлэн архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй, хэтрүүлэн хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байх, авто тээврийн хэрэгслээ голын усанд оруулахгүй, угааж цэвэрлэхгүй байхыг сануулав.
Б.БАТ