07.22

Бурундигийн Ерөнхийлөгчийн сонгуулиар буудалцаан болжээ

Африкийн Бурунди улсын Ерөнхийлөгчийн бүх нийтийн сонгуулийн санал хураалт өчигдөр боллоо. Гэвч нийслэл Бужумбура хотод санал хураалт эхэлснээс хойш хэд хэдэн удаа зэвсэгт мөргөлдөөн, буудалцаан болжээ. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Олон улсын нийгэмлэг шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

Тухайлбал, бүрэн эрхийнх нь хугацаа дуусч буй Ерөнхийлөгч Пиерь Нкурунзиза гурав дахь удаагаа нэрээ дэвшүүлж байгаа бөгөөд үүний улмаас Бурунди улс хүчирхийлэл мөргөлдөөний талбар болох эрсдэлийг бий болгосон. Сонгууль дөхсөн сүүлийн хэдэн өдрийн байдлаар гэхэд хэдэн мянган хүн нутгаа орхин хил залгаа улсууд руу дүрвэжээ.

Гэрчүүдийн мэдээлж байгаагаар Бурундид энэ сарын 21-ний өдрийн үүрээр сонгуулийн санал хураах байрууд үүдээ нээсэн бөгөөд түүнээс хойш буудалцаан, мөргөлдөөн, дэлбэрэлтүүд ээлж дараалан болж, хамгийн сүүлд авсан мэдээгээр цагдаагийн нэг ажилтан, нэг энгийн иргэн амиа алдсан байна. Өнгөрөгч тавдугаар сард тус улсад цэргийн генерал Ерөнхийлөгч Пиерь Нкурунзизаг Засгаас түлхэн унагаж, цэргийн эргэлт хийхийг завдсан ч бүтэлгүйтсэн билээ. Түүнээс хойш хойд этгээдийн нутгуудад үе үе мөргөлдөөн гарах болсон юм.