07.23

Сайншандад автозамын ажлууд хийгдэж байна

Дорноговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2012-2016 онд хэрэгжүүлэх “Шинэ-Дорноговь 2” тогтвортой хөгжлийн хөтөлбөр, Аймгийн Эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд “Зарим сумдын гэр хорооллын өргөн гудамжуудыг тохижуулан асфальтан болон сайжруулсан хучилттай автозам, явган хүний замтай болгоно” гэж тусгасны дагуу 2015 онд доорх замын ажлууд хийгдэж байна.

Тодруулбал Сайншанд сумын 2-р багт 150 метр хатуу хучилттай автозам барих ажлыг орон нутгийн замын сангийн 97.7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дорноговь АЗЗА ТӨХК хийж гүйцэтгэж байна. Ажлын явц өнөөдрийн байдлаар 80 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.

Мөн Сайншанд сумын 2-р багийн 48 айлын орон сууцнаас Барилгын найман айл хүртэлх 151 метр  хатуу хучилттай автозам шинээр барих ажлыг орон нутгийн замын сангийн 94 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дорноговь АЗЗА ТӨХК хийж гүйцэтгэж байна. Ажлын явц өнөөдрийн байдлаар 30 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байгаа ажээ.

Үүнээс гадна тус аймагт  Азийн хөгжлийн банкны 7.9 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар Сайншанд, Замын-Үүд сумдын цэвэр, бохир, дулааны төв магистрал инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилэх ажлыг “Эс Энд Ай” ХХК, “Хангилцаг” ХХК, Сайншанд сумын “Сайншанд-2” суурьшлын бүсийг дулаанаар хангах зориулалт бүхий 8.4 мВт-ийн дулааны зуух барих ажлыг “Цагаан шүтээн” ХХК тус тус гүйцэтгэж ашиглалтанд оруулаад байгаа билээ.

Дээрх төслийн үргэлжлэл болох Сайншанд сумын 1-р багийн “Сайншанд-2” шинэ суурьшлын бүсэд 2 км хатуу хучилттай авто зам, Замын-Үүд суманд 1 км хатуу хучилттай авто зам барих ажлыг “Ди Вай Кэй Би” ХХК гүйцэтгэж байна.