07.23

“Камертон”-ы Эба гурилын үнэ өснө хэмээн “зөгнөв”

Монголын хөвгүүдийн анхдагч хамтлагын нэг бол “Камертон”. Одоогоос 20 жилийн өмнө байгуулагдан хүүхэд залуусыг байлдан дагуулж чадсан тус хамтлагийн залуус эдүгээ шинэ уран бүтээл гэхээсээ илүүтэйгээр тус тусын ажилдаа анхаарлаа хандуулах  болсон.

 Тэгвэл  хувийн бизнест хөл тавьж, чамгүй амжилттай яваа Эба буюу Б.Эрдэнэбат  саяхан нэгэн сонинд ярилцлага өгч,  улс маань ургацынхаа 80 орчим хувийг алдах нь нэгэнт тодорхой болчихоод байхад салбар яам нь таг дуугүй байгааг хатуухан шүүмжлээд авчээ. Тэрбээр Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооны Удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд  сүүлийн 35 жил болоогүй ган гачиг болж, газар тариалангийн салбарт түгшүүрийн дохио хэдийнэ ассан тухай ярилцлагатаа дурьдсан байна.

Түүний хэлж буйгаар ОХУ өнгөрсөн сард ургацынхаа 25 хувийг алдлаа гэж мэдэгдсэн бол Хятад ч мөн адил. Гэвч манай улс ургацынхаа 80 орчим хувийг алдчихаад байхад  салбар яамд таг дуугүй байгаад шүүмжлэлтэй хандаж буй аж. Тэрбээр “Тариаг тархиндаа ургуул гэдэг. Ний нуугүй хэлэхэд тариаг эхлээд Хүнс, хөдөө аж ахуйн яаманд ургуулмаар байна. Тариаланчид Хүнс, хөдөө аж ахуйн яамандаа өнгөрсөн хавраас л хойш сануулсан. Ган гачиг болдогоороо болно, улсын хэмжээний хэрэглээний тооцоо, авах үнээ гаргаад, захиалгаа өгөөс гэсэн. Яам үүнд огт анхаараагүй” хэмээсэн байна.

Мөн үргэлжлүүлэн “Өнөөдөр тариалан дэмжих санд 30-хан мянган тонн буудай бий. Монголын нэг сарын л хэрэгцээ. Нөөцгүйн үр дагаврыг энэ намар үзнэ. Ямар ч байсан гурилын үнэ өснө. Буудайны гарц муудаж, ургац алдсан тул гурилын үнэ өсөх нь тодорхой. Ийм хүндрэл үүссэнийг төр засаг хэлэхгүй байна” хэмээсэн байх юм. Эцэст нь тэмдэглэхэд, манай улс үнэхээр ургацаа ийм хэмжээнд алдсан юм бол ирэх жил бид гурилын үнээ дийлэхгүйд хүрэх нь бололтой.