"#ХогBucketChallenge аян" үргэлжилсээр байна. Залуус энэхүү аяныг үнэн сэтгэлээсээ дэмжиж, портер дүүрэн хог түүснээ гэрэл зургаар баримтжуулан харуулж буй.
Тэгвэл нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга, НИТХ-ын төлөөлөгч Д.Оросоо хүлээн авч, дүүргийнхээ III хорооны ажлын албаныхантай тус хорооны нутаг дэвсгэрт цэвэрлэгээ хийсэн гэнэ. Гэхдээ түүний энэ ажил дүүргийн иргэдээс нь ихээхэн шүүмжлэл хүртжээ.
Тодруулбал, "Энэ нэг юм манайхаас нэр дэвшиж гарсан юм. Бараг л диваажинд амьдруулахаар юм амлаж, долоочих шахан байж гарсан даа. Одоо бол сахил хүртээд шал дордсон. Манай гэрийн тэр хавь дайнд нэрвэгдсэн мэт л болоод байна. 10 хороолол, 5-р хороо, 47-ын А, Б гэх хэдэн байр. Ер нь тэр хавь бүхэлдээ. Үүнээс дор байхыг хэзээ ч үзсэнгүй. Тэгсэн мань хүн ингээд л цэвэрхэн хувцаслаж, тоос тортогонд шүргээгүй шинэ шүүр бариад л хогны цаана нэг их лут гавъяа байгуулсан хүн аятай патиараа татуулаад л өөрийгөө рекламдаж явах гэж. Ичих нүүр энэ хүнд алга даа" хэмээжээ.
Мөн "Баянгол дүүргийн III хороог цэвэрлэх аян эхэлсэн бол яамай даа. "Барс" хүнсний зах болон явган хүний гүүрний хоёр талыг цэвэрлэж сайхан болгох хэрэгтэй. Ер нь аливаа ажлыг реклам сурталчилгаа маягаар хиймээргүй байна. "Барс" захын явган хүний гүүрний урд талын хоёрдогч түүхий эд авдаг газрыг хаах хэрэгтэй байна шүү, Оросоо дарга аа. Болж өгвөл газар дээр нь ирж үзэх хэрэгтэй байна" хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.
Үүнээс гадна Баянгол дүүргийн 50 жилийн ойг нүсэр наадам хийж тэмдэглэсэн нь ч олны дургүйцлийг хүргэсэн юм. Ямартай ч хог түүх аянд дуудагдсан хүн хогоо түүгээд дараагийн гурван хүнээ дуудах журмаар Засаг дарга Д.Оросоо өөрийн дуудах гурван хүнээ нэрлэжээ.
Тэрбээр Сумогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж, "Баялаг Бүтээгчдийг дэмжих холбоо"-ны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр, МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат нарыг дуудсан байна. Эдгээр хүмүүс түүний дуудлагыг хүлээн авах биз ээ.
