07.24

Вагонд дайруулж амиа алдсан охины хэргийг хаах уу?

ЭМШУИС-ийн оюутан 19 настай Д гэгч охин энэ сарын 13-нд гэрээсээ гараад сураггүй болсон гэх мэдээлэл цахим хуудсанд гарч, харсан үзсэн хүн холбоо барихыг хүссэн байдаг. Гэтэл энэ сарын 17-нд талийгаачийн цогцсыг моргт байхыг ар гэрийнхэн нь олжээ.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тасалбар тасалж, цагийн ажил хийдэг байсан охин яагаад галт тэргэнд дайруулж амиа алдав гэдэг асуудлыг Төмөр замын цагдаагийн хэлтэст шалгаж байгаа ч охиныг амиа хорлосон гэж үзэн хэргийг хаах сонирхолтой байгаа гэдгийг ар гэрийнхэн нь хэлэв.

Талийгаач охины хувьд тухайн өдөр хамт ажилладаг нэг охинтойгоо хамт пабд суусан бөгөөд шөнийн 01:40 цагийн үед ахтайгаа ярихдаа “Одоо очиж байна” гэж хэлжээ. Гэтэл удалгүй утас нь холбогдохоо больсон гэдгийг ах нь хэлсэн юм.

Пабаас гараад такси бариад явсан охиныг гадны нөлөөтэй, хүчинд автаж амиа алдсан байхыг үгүйсгэхгүй гэнэ. Тиймээс тухайн үед хамт байсан охин, таксины жолооч, мөргөсөн вагоны жолооч нараас мэдүүлэг авч өгөхийг хүсчээ. Шүүх задланд цогцсыг оруулсан байгаа бөгөөд 14 хоногийн дараа хариу нь гарна гэжээ