07.25

“Байгаль хамгаалах сан” Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтарч ажиллана

БОНХАЖЯ болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хамтарч ажиллахаар Санамж бичиг  байгууллаа.  Тус санамж бичигт БОНХАЖЯ-ны дэргэдэх “Байгаль хамгаалах сан”-ийн дарга Х.Батжаргал, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-ийн дарга Б.Саранчимэг нар гарын үсэг зурсан бөгөөд энэхүү арга хэмжээнд “Байгаль хамгаалах сан”-ийн ажилчин мэргэжилтэнүүд оролцсон  юм.

Уг арга хэмжээг нээж “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-ийн дарга Б.Саранчимэг үг хэлсэн бөгөөд тэрбээр, “Бид нэг зорилготой хүмүүс. Хамтран ажиллах саналыг хүлээж авсанд талархаж байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь байгаль орчноо хайрлах сэдлийг бий болгох зорилгоор хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байгаа юм” хэмээн хэллээ. Түүнчлэн тэдгээр төслүүдийн талаар мэдээлэл өглөө.

Санамж бичигт гарын үсэг зурсны дараа “Байгаль хамгаалах сан”-ийн дарга Х.Батжаргал “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бол Улаанбаатар хотын маш том ногоон байгууламж. Энэ нөөц бололцоогоо ашиглан байгаль орчныг цэцэрлэгжүүлэх, ногоон байгууламж байгуулахтай зэрэгцүүлэн экологийн боловсролыг, тэр тусмаа хүүхэд залуучуудад экологийн боловсрол олгох үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байгааг талархалтай хүлээн авч байна” хэмээгээд “Эко танхим”-ын номын санг байгуулахад хэрэгцээтэй  судалгааны материал, ном товхимолуудаас дээж болгон өргөн барьсан юм.

“Эко танхим” байгуулах ажил 2014 оны наймдугаар сараас эхэлсэн юм.  Уг танхимд нийт 30 гаруй байгууллага хувь хүмүүсээс 200 орчим  ном, товхимол сурах бичиг, гарын авлага судлагааны материалууд цугларсан байна.

Энэхүү “Эко танхим” төслийн тухай “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-ийн дарга Б.Саранчимэг “Эко танхим”сургалт мэдээллийн төв нь экологийн бааз суурь бий болгох зорилготой. Яваандаа төслийн хоёр дахь шатанд цахим хэлбэр лүү экологийн судалгаа ном товхимлуудыг оруулах зорилготой байна. Энэ танхим нь судлаач болон сэтгүүлч нарт зориулсан. Эдгээр материалуудыг цуглуулан ногоон хөгжил, уур амьсгалын өөрчлөлтт болон ус, агаар хөрстэй холбоотой бүх материал цуглуулахыг зорьж байна. Төслийн гүйцэтгэл 50-60 хувьтай байна. Энэхүү танхимын интерьер дизайныг Hero студи гаргаж монгол гэрийн загвараар хийж өгсөн. Монгол гэр бол эко гэр шүү дээ. Эрчим хүчний хэмнэлттэй, эрүүл мэндэд ээлтэй учраас монгол гэрийн загвараар хийлгэсэн юм. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь ганцхан бүтээн байгуулалт хийгээд зогсохгүй байгаль дэлхийг хамгаалах сэдэл төрүүлэх зорилгоор экологийн боловсрол олгох хэд хэдэн төсөл явуулж байна. Тэдгээрийн нэг гол төсөл бол энэхүү “Эко танхим” юм” хэмээлээ.

Дашрамд дурьдахад, Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 30 орчим номын санд экологийн судалгааны ном хангалтгүй байдаг байна. Тиймээс энэхүү “Эко танхим” нь экологи,  ногоон хөгжилтэй холбогдох материалуудыг нэг дор төвлөрүүлсэн Монголын анхны Эко номын сан болохыг зорьж байгаа аж.

Өнөөдрийн энэхүү үйл ажиллагааны төгсгөлд “Байгаль хамгаалах сангийн мэргэжилтнүүд болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчид “Итгэлийн төгөл”-д мод тарьж Улаанбаатар хотын ногоон хөгжлийн төлөө нэгдсэн юм.