07.27

БНХАУ руу таван компани мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэхээр болжээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд, БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын дарга У Цин Хай нар энэ сарын 8-нд хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурсан. Ингэснээр Монголын аж ахуйн нэгжүүд БНХАУ руу адууны махан бууз, банш, адууны ясны гурил, дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломж нээгдсэн юм. Үүнтэй холбогдуулан МХЕГ- аас мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрх авсан нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй өнгөрсөн баасан гаригт уулзаж, тавигдах шаардлага, бүрдүүлэх баримт зэргийн талаар зөвлөгөө, мэдээлэл өглөө. Манай улс өнгөрсөн онд ОХУ-д 2.2 мянган тонн, БНХАУ-д 800.8 тонн мах, махан бүтээгдэхүүн нийлүүлжээ. Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах 42 томоохон үйлдвэр байгаагаас өнөөдрийн байдлаар есөн аж ахуйн нэгж экспортлох эрхээ аваад байна. Үүний дөрөв нь ОХУ руу, тав нь БНХАУ руу мах экспортлох аж. БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газраас манай улсын 17 компанид атистатчилал хийжээ. Үүнээс “Мах маркет”, “Монгол эко”, Дархан фүүд мийт, “Хаан хүнс”, “Монтува” зэрэг таван компани урд хөрш рүү мах экспортлох эрхээ аваад байгаа аж. Харин жижиг ААН-үүдийн хувьд бүтээгдэхүүнээ экспортод гаргах хүсэлтэй боловч технологийн зарим шаардлагыг хангадаггүй байна. Хамгийн гол нь БНХАУ манайхаас дулааны аргаар боловсруулсан мах авахыг шаарддаг. Энэ нь 100 хэмд буцалсан мах буюу өөрөөр хэлбэл болсон мах байх юм. БНХАУ Монголоос цул мах авах сонирхолтой байгаагаа илэрхийлж, бичиг баримт, эрүүл ахуйн 10 гаруй шаардлагыг ирүүлсэн байна. Хэдийгээр дотоодын чанар, стандарт, эрүүл ахуйн шаардлага зарим талаар импортын шалгуураас дээгүүр байгаа ч компаниуд нэгдсэн зохион байгуулалтаар ажиллах хэрэгтэйг онцолж байв. Уулзалтын үеэр улсын ахлах байцаагч С.Нямдорж БНХАУ-аас үйлдвэрлэгчдэд тавьдаг 11 асуумж бүхий шаардлагыг танилцууллаа. Тэрбээр тус асуумжид хариулахдаа олон зүйл анхаарах хэрэгтэйг онцолсон юм. Тус асуумжид мэдүүлэг гаргагчийн үндсэн мэдээлэл, усан хангамж, боловсон хүчний нөөц, нядалгаа, яснаас нь салгах, жижиглэх үйл явц, үйлдвэрлэлийн байр, хадгалах нөөцлөх, нийгмийн халамж, угаалгын тоноглолтой холбоотой технологийн нарийн асуудлууд багтдаг юм байна.

Уулзалтын үеэр МХЕГ-ын Хил, хорио цээрийн хяналтын газрын улсын ахлах байцаагч С.Нямдоржоос зарим зүйлийг тодрууллаа.

-БНХАУ руу мах гаргахаар хүсэлтээ өгсөн компаниудаас ямар нийтлэг зөрчил илэрсэн бэ?

-Гарал үүсэл болон боловсон хүчний тал дээр нийтлэг зөрчил илэрсэн. Манай махны үйлдвэрүүд байнгын ажиллагаагүй болохоор зарим ажилчдаа түр буюу улирлын чанартай ажиллуулдаг. Тэгэхээр тэдгээр ажилчдаа сургах, болон ариун цэвэр, аюулгүй байдлыг хангуулах тал дээр зөрчил илэрч байна.

-Өнөөдрийн байдлаар есөн компани гадаадад мах экспортлохоор шалгарсан гэж байна. Эдгээрээс гадна дотоодын бусад компани юунд анхаарах шаардлагатай байна вэ?

-Өнгөрсөн хугацаанд гадаадад мах экспортлох асуудлаар ХХААЯ хэд хэдэн ажлыг хийсэн. Үүний үр дүнд адууны махыг БНХАУ-д экспортлох болсон юм. Тиймээс адууны махан бууз, баншийг Хятадад экспортлох гол ажил үлдлээ. Шалгуурын хувьд өмнө нь тавьж байсан шалгууруудыг л тавина. Харин бид аж ахуйн нэгжийн тоог нэмэгдүүлэх, олон компанийг бүртгэлд хамруулах үүднээс сургалт зөвлөгөөг хийж байна. Харин шаардлагын хувьд хянан магадлагааг хийх хэрэгтэй. Манайхан хэнэггүйгээсээ алддаг. Дээр нь мэдээллээ нэгтгэх нь чухал. Тэгэхгүй бол мэдээллүүд хоорондоо зөрдөг. Тухайлбал, мэдүүлгээ явуулахдаа өгсөн мэдээлэл нь шалгалтаар ирэхэд нь өөр байх жишээтэй. Ариун цэврийн шаардлагаа хангаж, дотоод хяналтаа сайн тавьж, нөөцөө зөв хуваарилж бэлтгэх юм бол манайд боломжийн компани олон бий.

-Хятадууд дулааны аргаар боловсруулсан мах авна гэж байна. Гэтэл манайд дулааны аргаар мах боловсруулдаг хэчнээн газар байдаг юм бол?

-Одоогоор дулааны аргаар махыг боловсруулан гаргах хоёр аж ахуйн нэгж байгаа. Дулааны аргаар боловсруулна гэдэг нь тодорхой хэм зааж, төдөн хэмд төчнөөн хугацаагаар боловсруулалт хийсэн байх ёстой гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, чанасан, шарсан мах юм. -Хэдий хугацааны дараа махыг экспортлох ажил эхлэх вэ? -Адууны мах, махан бүтээгдэхүүн бууз банш бол одоогоор эрх нь нээгдсэн. Тиймээс Хятадын талын компаниуд зөвшөөрлөө аваад манайхаас авбал өнөө маргаашгүй гаргах боломж бүрдсэн. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжүүдийн өөрсдийнх нь хийх ажил үлдсэн гэж хэлж болно. Төрийн талаас бүх зүйлийг хийж, гэрчилгээгээ тохирсон.

 -ОХУ руу манайх тодорхой хэмжээний мах гаргадаг. Гэвч сүүлийн жилүүдэд буурсан гэж байна. Тэгэхээр ОХУ руу экспортоо нэмэгдүүлэх ямар боломж байна вэ?

-ОХУ-ын хувьд асуудал арай өөрөөр тавигдана. Мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагаас гадна үнийн дүн, тарифын асуудал ярьдаг. Энэ асуудлаар мэдээж холбогдох төрийн байгууллага арга хэмжээ авч, хэлэлцээр хийж байгаа. Энэ үеэр дотоодын зах зээл хумигдаж байгаа учир бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд нийлүүлж, орлогоо авч үлдэхэд үйлдвэрлэгчид анхаарч байгаагаа илэрхийллээ. Мөн экспортлох махны үнэ тарифын асуудлаар тохиролцоонд хүрээгүй байгааг компаниуд онцолсон юм. Гэхдээ импортлогчийн шаардлагын дагуу дулааны аргаар боловсруулж, нэмүү өртөг шингэсэн мах нийлүүлэх тул үнэ харьцангуй өндөр болох боломжтойг хэлж байлаа. Монгол Улсад мах бэлтгэл, үйлдвэрлэлийн чиглэлээр 42 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд жилдээ 90 мянган тонн мах бэлтгэх боломжтойг Монголын махны холбооныхон онцолсон юм.