07.27

Жүжигчин А.Цэгмидэд Гавьяат цол олгох хүсэлт гаргажээ

Ахмад жүжигчин МУСТА А.Цэгмидэд гавьяат цол өгөх цаг нь болсон талаар зохиолч Б.Шүүдэрцэцэг  цахим хуудсаар дамжуулан Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүсэлт гаргажээ.

" Авьяасанд арын хаалга байдаггүй ч шагнал урамшилд алаг үзэл бүү байгаасай! МУСТА А.Цэгмид гэж их урлагийн үнэнч байлдагч Гавьяат жүжигчин цол авах цагнь болсон гэж бодном. Тийм ээ, Холливудад ардын гавьяат гэж үгүй. Гэвч бид энэ үнэлэмжээр амьдарч, үнэнчээр бүтээж туурвиж ирсэн ахмадууддаа холливуудаар хандаж үл болно.

"Ану хатан" киноны жүжигчдийн шалгаруулалт зарлаад байсан 2011 оны хавар "Дараагийнх нь" гэтэл ардчиллын жилүүдэд театртайгаа хамт чимээгүйхэн "алга болсон" нэгэн ховор хүн инээд алдсаар орж ирсэн нь А.Цэгмид эгч байсан. Ажиллах театргүй болж, ардчиллын эхэн үеийн хүнд жилүүдэд амьдралын эрхээр Польш, Өвөр Монголд ажиллаж явсаар манай киноны шаогаруулалтыг зорин Хөх хотоос ирсэн А.Цэгмид эгч ингэж их урлагтаа эргэн ирж, олон кинонд залуустайгаа мөр зэрэгцэн ажилласаар явна.

Миний үеийнхний өсвөр үе, хүүхэд насны мартагдашгүй дурсамж болсон Хүүхэд залуучуудын театрын тайзан дээр хичнээн ч удаа "Жаал хүү ба Карлсон", "Мөнгөн хараацай" зэрэг олон жүжгийн дэггүй хүү зэрэг голдуу хүүхдийн дүр, теле жүжгийн дүрүүдээрээ сэтгэлд хадгалагдсан сайхан жүжигчнийг хараад л "Миний Дарабалжи хатан яг мөн!" гэж би дуу алдсан. Ингээд найруулагчтайгаа зөрөн байж Цэгмид эгчийг Хиргис хатны дүрд сонгосноороо эмэгтэй жүжигчин бүхний насны мөрөөдлийг нь жаран насных нь босгон дээр биелүүлснээ хожим өөрөөс нь сонссон.

Хүн чин сэтгэлээс хүсвэл мөрөөдөл биелдэг гэдгийг жар шахаж явахдаа хатны дүрд тоглосон А.Цэгмид эгчийн амьдрал харуулдаг. Энэ жил бид хамтдаа Ану хатны тахилын модонд очин зуун зуун дамнасан домгийн эзэн-их хатанд сүүн өргөл өргөсөн. Хэдхэн хоногийн дараа Цэгмид эгч Академиа авардсын шилдэг туслах дүрийн цом гардан, ''Марко поло" кинонд тэнцсэн их баяраа утсаар дуулгаж билээ.
Энэ хүн "Ану хатан"-ны үеэр Галдан хааны хуримын 3 хоног үргэлжилсэн зураг авалтын өдрүүдэд үстэй малгайтай олон цаг суусаар хөөрч, даралт нь ихдэн түргэний тэргээр эмнэлэгт хүргэгдэхдээ ч дүрээ л бодож явсан их урлагийн үнэнч цэрэг гэдгийг нь би мэднэ. Зураг авалтаас хэзээ ч хоцордоггүй, дэг журмаа, дээдэх доодохоо мэддэг, ясны зарчимч хүн хэмээн хүндэлдэг.

Ерөнхийлөгчийн тамгын газарт хүсэх нь: А.Цэгмид жүжигчинд Гавьяат жүжигчин цол олгоно уу!Энэ онд Монгол киноны 70 жилийн их ой тохиож буй. Баяр бүхнээр бороо шиг асгадаг одон цол тэмдгээ Монгол киноны хэдэн зүтгэлтэнд бүү харамлаарай!Миний хүсэлт цаашид ч үргэлжлэх болно. Түүхэн киноны зураач, нүүр хувиргагч ахмадуудаас цол шагналгүй үлдсэн олон гавьяатан бий. Томоохон түүхэн кино бүтээн гадаадад гаргахад минь мөр зэрэгцэж, хамтран зүтгэсэн сайхан уран бүтээлчдийнхээ авьяасыг үнэлүүлэхийн төлөө үзгээ гамнах юм алгаа! хэмээн бичсэнийг олон хүн дэмжжээ.