Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны зургадугаар сарын 3-ны захирамжаар Монгол Улсад анхны Ардчилсан чөлөөт сонгууль 1990 оны долдугаар сарын 29-ний өдөр болсон түүхэн үйл явдлыг долдугаар сарын 29, 30-нд орон даяар тэмдэглэхээр болсон.
Үүний дагуу нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тус түүхэн үйл явдлыг энэ сарын 29,30-ны өдөр нийслэлд зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан. Энэ хүрээнд энэ сарын 30-нд Чингисийн талбайд “Алдрын хүндэтгэл” тоглолтыг зохион байгуулахаар болжээ.
Энэ талаар өнөөдөр нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Г.Ганхүү, нийслэлийн Улаанбаатар чуулга, НӨҮГ-ын дарга Р.Мөнхсайхан нар мэдээлэл хийлээ.
Энэ жилээс эхлэн соёл урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хамтлаг, дуучдыг “Алдрын од” шагналаар өргөмжлөхөөр болсон байна. Тэгвэл хамгийн анхны “Алдрын од” шагналыг “Соёл-Эрдэнэ” хамтлаг хүртэж байгаа ажээ. Яг ооо хамтлагтаа байгаа найман хүнд найман ширхэг “Алдрын од” -ыг тус хамтлагийн үе үеийн төлөөлөлд гардуулж “Соёлын төв өргөө”-ний тусгайлан бэлтгэсэн хананд “Соёл - Эрдэнэ” хамтлагийн одыг байрлуулах юм байна.
Ингээд цаашид жил бүр тус шагналыг олгож, ханан дээр нэрийг нь мөнхлөх бөгөөд энэхүү арга хэмжээнд зориулж “Алдрын хүндэтгэл” тоглолтыг зохион байгуулж байна. Уг тоглолт нь Чингисийн талбайд пүрэв гарагт 08.00 цагаас улаан хивсний ёслолоор эхэлж, 20 гаруй хамтлаг, дуучдын тоглолт, үдшийн цэнгүүнээр үргэлжлэх ажээ.
Мөн нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу уг өдрийг тэмдэглэх гэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлэх, түгжрэл саатлыг бууруулах, баярын арга хэмжээнд уригдан оролцож буй гадаад, дотоодын зочин төлөөлөгчдийн зочлох таатай орчинг бүрдүүлэх зорилгоор нийслэлд байршин үйл ажиллагаа явуулдаг төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, бүх шатны төсөвт байгууллагууд долдугаар сарын 30-нд 08:30-12:30, долдугаар сарын 31-ний өдөр 10:00-17:30 цаг хүртэл ажиллана гэдгийг албаныхан мэдээллээ.