Дээр доор, гэрт гадаагүй улстөржсөн монголчууд бидний хамгийн сайн хийж сурсан юмны нэг нь даргын хамаа намбаагүй халаа сэлгээ. Хууль бус, тал тохой татсан томилгооноос ашиг сонирхлын “холион бантан” үүсч, төрийн ажил цалгардахыг энэ хэдэн жилд хангалттай үзсэн ч харамсалтай нь өдийг хүртэл сургамж авахгүй улс бололтой.
Шадар сайд Д.Тэрбишдагвын мэдэлд байдаг агентлагуудын нэг болох МХЕГ-ын даргаар тус газарт Тамгын газрын даргаар ажиллаж байсан Д.Батмөнхийг энэ сарын 11-ний өдөр томилсон.
Энэхүү томилгоо нь илт ашиг сонирхлын зөрчилтэй томилгоо боллоо гэсэн яриа энэ сарын 24-ний өдрөөс хойш эрс эрчимжлээ. Шадар сайдын ярилцлага энэ өдөр цахим сайтуудаар гарсан бөгөөд тэрбээр “Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Стандарт хэмжил зүйн газар, Худалдан авах ажиллагааны газар, Оюуны өмчийн газар гээд хэрэгжүүлэгч зургаан агентлагтай хамтарч ажилласан 2013 оны гэрээгээ дүгнэсэн байгаа.
Энэ хоёр сард багтаад бүх агентлагт очиж бүтэн жилд ямар ололт амжилт, алдаа дутагдалтай ажилласан талаар хамт олных нь дунд дүгнэлтээ сонсгоно” хэмээн өгүүлсэн байсан юм. Сэтгүүлч “Шүүмжлэх алдаа дутагдал бараг л гараагүй хэрэг үү” гэхэд “Би сая хэллээ шүү дээ.
Эдгээр агентлагийн удирдлагуудын зүгээс гаргасан алдаа дутагдал байвал хамт олных нь өмнө ярилцана гэж. Ажил хийж явахад ямар нэгэн алдаа гарна. Огт ажил хийдэггүй хүн л алдаа гаргадаггүй байх. Харин алдаагаа давтахгүй байх нь л урагшлах, дэвжихийн үндэс болдог” гэсэн байх юм.
Шадар сайд нэг агентлагийнхаа даргыг аль хэдийнэ өөрчилчихсөн хэрнээ хамт олных нь дунд алдаа дутагдал, ололт амжилтыг нь хэлдэг баатрын дүр эсгэсэн гэдэг дүгнэлтийг эндээс хэн ч хийнэ. Бас МХЕГ-ыг шинэ даргатай болгосноороо энэ байгууллагыг дахин нэг алдаа хийх боломжийг нь бүрдүүлж өгч байна гэж ч ойлгож болохоор зүйл ярьжээ. МХЕГ-ын даргыг хална гэдгээ хамт олных нь нүдэн дээр хэлэх шалтгаан Шадар сайдад үгүй байжээ.
Мэргэжлийн хяналтын байгууллага бол үндэсний аюулгүй байдлын хяналтын байгууллага. Тэгвэл “Монгол Улс үндэсний аюулгүй байдлаа хангаж чадаж байна уу” гэсэн асуултад өнөөдөр сэтгэл хангалуунаар “Тийм” гэж хариулах хүн тийм ч олон гарахгүй л болов уу. Аль ч улсын дунд сургуулийн багш сурагчиддаа “Оросод оросууд, Германд германчууд, Японд япончууд амьдардаг” гэж заадаг. Эндээс “Монголд монголчууд амьдардаг” гэсэн ойлголтыг хэн ч эчнээгээр авч чадна.
Гэтэл үнэндээ монгол сургуулийн багш ингэж хэлбэл буруу гэж хэлэгдэхээр байдалд орчихож. Хятадууд Монголд ирж үзсэн нэгнээсээ “Улаанбаатар ямархуу хот байна” гэж асуухад “Монголчууд олонтойг эс тооцвол дажгүй” гэж хариулсан тухай онигоо гарчихсан байна.
Онигоо муу нэртэй ч болсон явдлаас сэдэвлэсэн байдаг, сургамж болдог онцлогтой. Үнэндээ монголчууд хэрэгцээт барааныхаа 80 шахам хувийг, хүнсний бүтээгдэхүүний 80 гаруй хувийг Хятадаас зөөж байгаа юм чинь Улаанбаатарт ирсэн хужаад “гэртээ байгаа юм шиг” санагдахаас өөр яах юм бэ.
Хүнсний аюулгүй байдал алдагдаж, монгол хүний амь нас дээсэн дөрөөн дээр дэнжигнэж буй. Гэтэл үндэсний аюулгүй байдлыг хангадаг Мэргэжлийн хяналтын байгууллага даргын томилгооноос болж талцах маягтай сууцгааж байна.
“Но”-той томилгоотой зэрэгцээд МХЕГ зайлшгүй хүч хаяж ажиллах ёстой асуудлууд шил шилээ даран гарч ирээд байна. Беларусьт гахайн халдварт өвчин дэгдэж, Европын холбооны бүрэлдэхүүнд багтдаг Литва яаж ч хичээгээд чадалгүй нутаг дэвсгэртээ оруулчихав. Тооны хувьд олон ч гэсэн өргөн уудам Ази тивтэй харьцуулбал алга дарамхан газар шахцалдан амьдардаг Европын холбооны улсуудад энэ мэдээ түгшүүрийн харанга дэлдээд байна.
Холбооны гишүүн бүх улсуудаас гадна ОХУ, өөрсдөө өвчин тараасан Беларусь хүртэл Литваас гахайн махан бүтээгдэхүүн импортлохоо зогсоожээ. Беларусийн өвчлөл өнгөрсөн оны зургадугаар сард гарсан даруйд Литва улс Европын холбооноос 13 сая евро хүсч байжээ. Бүр Беларусьтай хиллэдэг бүх шугамаа тэр чигт нь төмөр тороор хашаалахаар төлөвлөж байсан байгаа юм. Гахайнаас хүнд халдварладаг гэдгээрээ ийнхүү бажгадахад хүргэсэн байна.
Энэ бол үнэхээр бодит аюул юм. Үнэндээ хуучин тивийн улсууд гадны ямар ч улсаас импорт хийлгүй “гахайн мах ч яамай” гэлцэж байна. Гэтэл бид, МХЕГ яав. Энэ жил БНХАУ-аас их хэмжээний гахайн мах, өөхтэй нь импортлох гээд сууж байна. Бид чинь өөрсдийн гэсэн уламжлалтай гахайн аж ахуйг хөгжүүлж байгаа орон.
Өөрсдийн зорилго бий, удаан ч гэсэн ахицтай яваа. Гэтэл МХЕГ энэ жил урд хөршөөс гахайн өөх, мах импортлох шийдвэр гаргачихлаа. Шинэ дарга шидээ үзүүлж байгаа нь энэ юм болов уу. Өвчин тахал гэдэг тоглоом биш. Ийм ноцтой асуудлыг “зоосны нүхээр харж”, “БНХАУ-д өвчин гараагүй юм чинь“ гэсэн байдлаар хандаж болохгүй. Шанхай хотын ундны усны эх үүсвэр болсон Хуанпу голоос 6000 гаруй үхсэн гахай гарсан сэжиглэмээр явдал өнгөрсөн оны гуравдугаар сард гарч байсан. Мөн генийн өөрчлөлттэй, колонийн аргаар үйлдвэрлэж байгаа гэсэн мэдээлэл ч гардаг.
Ийм байхад БНХАУ-аас гахайн өөх, мах импортлох нь маш аюултай алхам гэдэг нь ойлгомжтой. Беларусь, Украин, Орост одоо өвчний голомтод байгаа гахайгаа зэрлэг тэжээмэл гэж ялгалгүй хүйс тэмтрэн устгаж байна. Өвчин орж ирлээ гэхэд манай гахайн аж ахуйн салбарт маш хүнд тусна. Нөгөө талаар, өөрсдөө хийж чадаж байгаа бүтээгдэхүүнээ гаднаас оруулж ирж байгаа нь наанадаж дотоодын бизнесмэнүүдээ боомилсон, цаашлаад Шинэчлэлийн Засгийн газрын зорилгыг үл тоомсорлосон явдал болж байгааг хаа хаанаа анхаараасай.
Хүнсний аюулгүй байдлаа хангах нь бол улс орон оршин тогтнох уу гэдэгтэй эн зэрэгцэх амин чухал үйл хэрэг мөн. Угаасаа ачаалал ихтэй, нэг байцаагч хоёр хүний ажил хийдэг гэж гомдоллодог МХЕГ шиг байгууллагын дарга солигдох нь байгууллагын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж мэднэ.
Ерөнхийдөө л Д.Батмөнх МХЕГ-ыг удирдах явцдаа дээрх ажлыг хэрэгжүүлээд, урд хөршид дэндүү талтай хандаж байгаа нь түүний “өвөрлөгч” бодлого гээд хэлчихэд нэг их буруудахгүй биз ээ. Тэгээд ч МХЕГ-т хийсэн энэ томилгоо тус газрын ”Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон” хэрэг болчих вий дээ.
Х.БАТСАЙХАН
Эх сурвалж: www.mminfo.mn