07.28

Ургацынхаа тал хувийг алдаж мэднэ

Зуны адаг сар дундаа орж, малчид тариаланчид намар, өвлийн бэлтгэл ажилдаа орсон байгаа. Наймдугаар сарын сүүлчээс ургац хураалтын ажил эхэлдэг билээ. Тариалангийн бүс нутаг Сэлэнгэ, Төв аймгийн тариаланчид наймдугаар сар дөнгөж гарав уу, үгүй юү үр тариагаа ангилан хаддаг.

Гэтэл энэ жил урьд өмнөх жилүүдтэй харьцуулахад цаг агаарын байдал таагүй, бороо хургүй ихэнх нутгаар гандуу, мөн зарим газраар ой хээрийн түймэртэй байснаас болж ургац хураалт авч чадахгүйд хүрээд байна. Тэр дундаа улаанбуудайн тариалалтын дийлэнхийг алдаж магадгүй байгаа талаар тариаланчид сануулж эхлээд байна.

Монголын үр тариа эрхлэгчдийн, Газар тариалан холбооны тариаланчдын хэлж буйгаар энэ жил манай улс ургацынхаа 80 хувийг алдах эрсдэлтэй байна гэнэ. Тэгвэл энэ сарын 06-нд  хуралдсан улсын Онцгой комиссын хуралдаанаар ургацын 50-60 хувийг алдах эрсдэл байгаа талаар  мэдээлсэн юм. Харин Хүнс хөдөө аж ахуйн яамнаас энэ жил төлөвлөсөн хэмжээнд ургац хураан авч чадахгүй, ирэх наймдугаар сарын 15-нд ургацын урьдчилсан балансаар тодорхой болно гэж мэдээлж байна.