Нийгмийн сүлжээнд идэвхитэй байдаг залуус хог түүх аяныг эхлүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Залуусын эхлүүлсэн хог түүх давалгаанд урлаг спортын одууд, дуучид, сэтгүүлчид, улстөрчид хүртэл нэгдэж гурван шуудай хог түүх эс бөгөөс 10 ам.доллар хандивлах зэргээр аянд идэвхитэй хамрагдсан юм. Фэйсбүүкээр давалгаалсан энэхүү аяны ачаар хогондоо дарагдаад байсан Туул, Сэлбэ зэрэг гол мөрнүүд хогноосоо ангижирч байгаа нь хамгийн сайшаалтай хэрэг юм. Гэвч тэр түүсэн хогийг хаана хүргэдэг, түүнийгээ ангилан ялгаж хэрэгтэй хогийг нь салгаж авч чадаж байна уу гэхээр бас л ойлгомжгүй асуудал үүсэх билээ. Хог хаягдлыг ангилах асуудал манайд хамгийн цалгар назгай байгаа зүйл.
Ангилан ялгах гэдэг зүйлийг бараг л мартаад байсан бид сүүлийн хэдэн жил амьдралдаа хэвшүүлэх гэж оролдож эхэлсэн. Ядахдаа л гудамжинд хогийн сав байрлуулж, ангилж ялгаж хийгээрэй гэсэн таних тэмдэг тавьдаг болсон нь том амжилт болсон. Гэсэн ч энэ нь өнөө хэр хангалтгүй хэвээр байна. Хот, хөдөөд амьдардаг айл өрхийн дийлэнх хувь нь гэр хороололд байгаагаас шалтгаалж ганцхан хогийн сав тавьдаг түүндээ үнс нурам, хуванцар сав, хүнсний бохироо хамтад нь хийсээр байгаа юм. Мэргэжилтнүүдийн тооцоолж буйгаар нийт хог хаягдлын 82 хувийг дахин боловсруулах боломжтой бөгөөд дөнгөж 18 хувь нь дахин боловсруулах боломжгүй байдаг гэнэ. Харин манайх 80 орчим хувийг нь дахин боловсруулалгүй, ландфилл технологиор газрын хөрсөнд булж байгаа нь байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа юм. Гэтэл дэлхийн улс орнууд хог хаягдлыг багасгахад анхаарч түүнийг шатаах, газрын хөрсөнд булах зэрэг аргаас татгалзаж, 3R (Reduce, Reuse, Recycle) буюу хог хаягдлыг багасгах, дахин ашиглах, боловсруулах технологийг нэвтрүүлж эхлээд байгаа юм.
Тиймээс Монгол Улс ч дэлхий нийтийн энэ жишигтэй хөл нийлүүлэн алхах нийгмийн хэрэгцээ шаардлага бий болоод байна. Ядахдаа л түүгээд ачсан хогийг нь ангилан ялгах асуудал хамгийн түрүүнд шийдэх толгойн өвчин хэвээр үлджээ. Хог хаягдлыг ангилж хаяхгүйгээс Улаанчулуут, Цагаандаваа орчим тэр чигтээ л утаа майнд дарагддаг дүр зураг өвөл зунгүй л давтагдана. Гэр хорооллоос ирсэн бүрэн унтраагуй үнс нурам хог хаягдлыг тэр чигээр нь шатааж орхидог. Эндээс болж ашиглах боломжтой хуванцар сав зэрэг дахин боловсруулах дахивар хог хаягдал ямар ч хэрэггүй болж, байгаль орчныг бохирдуулдаг хэвээр байгаа юм. Дутуу шатсан хогийг булж устгахаас өөр сонголтгүй болдог гэдгийг ч хогийн цэг дээр ажилладаг тохижилт үйлчилгээний ажилчид хэлж байсан юм. Мөн шатсан хуванцар савнаас хорт хавдар үүсгэх нян агаар дуслаар тархдаг гэдгийг ч мэргэжилтнүүд хэлж байна лээ.
Дан ганц гэр хороолол ч гэхгүй 2000 оноос өмнө баригдсан бүх л барилгууд ангилах боломжгүй ганцхан ширхэг хогийн том савтай байдаг нь хог хаягдлыг ангилж, ялгаж хийх боломжгүй болгодог. Иргэд уутанд хийсэн өмхийрч муудсан хүнсний хогоо хуванцар сав зэрэг ангилах боломжтой хог хаягдалтай шууд гаргаж ирээд л хогийн сав руу чулуудаж орхидог. Энэ бол түгээмэл үзэгдэл. Ер нь соёлтой хотын соёлтой иргэд хогоо ангилж хаяхад сургах нийгмийн сүлжээний давалгааг эхлүүлсэн ч буруудахгүй. Хүүхдээ багаас нь хогийг ангилж хаядаг дадал зуршилд ч сургая. Нийслэл хотын иргэд ч хашаандаа хоёр хогийн сав тавьчихдаг, нэгэнд нь үнс нурам, нөгөөд нь хуванцар сав,, дахивар бүтээгдэхүүн хийх зэргээр ангилан ялгаж сурах цаг нь болжээ. Алийн болгон бид гэр хороололд амьдардаг, нүүрс түлдэг гэсэн жижигхэн шалтаг тоочиж бохиртойгоо зууралдаж амьдрах вэ. Хашаанаасаа л гаргаж байвал хамаагүй гэсэн сэтгэлээр эх дэлхийгээ бузарлаж байгаадаа дүгнэлт хийе. Байгал эх хогийн сав биш. Ашиглах боломжтойг нь бүрэн дүүрэн ашигладаг, ашиглах боломжгүйг нь устгалд оруулдаг, эргээд тэр газартаа нөхөн сэргээлт хийх зэргээр хог хаягдалтай дайн зарлахгүй бол төд удахгүй Азийн цагаан дагина маань хогийн төвлөрсөн цэг болж, эх орны минь онгон дагшин байгаль хог хаягдлаар дүүрэх нь. Дахивар бүтээгдэхүүн үнэтэй болж, хог дахин боловсруулах хэдэн арван үйлдвэр ашиглалтад орсон цагт хэн ч хуванцар саваа үнстэйгээ зуурч гаднаа хаяхыг хүсэхгүй л болов уу. Ангилж сураагүйн хар гай дахин битгий байгаль ээжийг минь бузарлаасай билээ. Хашаандаа хоёрхон сав байрлуулчих. Тэгээд хогоо ангилаад хийчихье. Тэгсэн цагт бид нийслэл хотын иргэн гэж хэлэх нүүртэй болно.
Эх сурвалж: Монголын мэдээ