07.28

Улсын дугаар дээр ”ажиллавал” нэг жил машин барихгүй

Дугаарын хязгаарлал үйлчилж эхэлснээс хойш хуурамч дугаартай холбоотой асуудал ихээр гарах болсон. Тэгвэл энэ асуудлыг шийдэх Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэчилсэн хууль ирэх есдүгээр сарын 01-нээс мөрдөгдөж эхлэхээр болжээ.

Энэхүү хуулийн 31.3."Улсын бүртгэлийн хуурамч дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, нэг жилийн хугацаагаар эрхийг хасах, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна" гэж заасан байна.
Улсын бүртгэлийн хуурамч дугаар гэдэгт уг дугаар нь бүртгэлийн байгууллагаас таны автомашинд албан ёсоор олгоогүй, эсвэл улсын дугаарын цифр, үсгийг санаатайгаар өөрчилж засварласан дугаар орно. Хуучин ийм төрлийн зөрчлийг ЗХТХ-ийн 25.5 дугаар зүйлд зааснаар 5,000- 25,000 төгрөгөөр торгодог байсан бол шинэчилсэн хуулиар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192,000 төгрөгөөр торгож, дээр нь 1 жилээр автомашин жолоодох эрхийг нь хасахаар болжээ.

Түүнчлэн согтуу жолоочид авах арга хэмжээ ч чангарсан байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэчилсэн хуулийн 27 дугаар зүйл. Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодох

27.1.Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, жолоодох эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл оногдуулна.

27.2.Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

27.3.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, долоо хоногоос гуч хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.

27.4.Энэ хуулийн 27.1-д заасан зөрчлийг давтан үйлдсэн бол 30 хоногийн хугацаагаар баривчлах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулна.