Манай улсыг зорих гадаадын жуулчид Төв, Өвөрхангай, Өмнөговь, Хөвсгөл зэрэг дөрвөөс таван аймаг руу голчлон зорчдог. Тэр дундаа Хөвсгөл аймгийг аялал жуулчлалын тулгуур төв гэж нэрлэдэг. 120 гаруй мянган хүн амтай Хөвсгөл аймгийн хувьд орон нутгаа хөгжүүлэх гол салбар нь аялал жуулчлал гэж тооцдог.
Өнгөрсөн жилүүдэд энэ салбараас орон нутагт жилд дунджаар 2 сая орчим төгрөгийн хөрөнгө оруулалт төвлөрдөг байсан нь чамлалттай үзүүлэлт байсан юм. Харин чингис бондын хөрөнгө оруулалтаар орон нутгийн авто замыг хатуу хучилттай болгох ажлын хүрээнд нийслэлээс Хөвсгөл нуур хүртэл 870 км хатуу хучилттай замаар зорчих боломжтой болсон.
Тодруулбал Чингис бондын санхүүжилтээс 80.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Мөрөн-Тариалан чиглэлийн 165.3 км тавьсан. Зам харилцаа сайжирсан нь аялагчдыг тоог огцом өсгөж, энэ хэрээр аялал жууүлчлалаас олох хөрөнгө оруулалтыг нэмэгдүүллээ. Албан бус тооцоогоор бол 42 мянга гаруй дотоодын аялагчид наадмын өдрүүдээр Хөвсгөл явсан гэж байгаа бол Хөвсгөл аймгийн захиргааны гаргасан тооцоогоор бол аялагчдын тоо 70 орчим мянгад хүрчээ. Аялал жуулчлалын албаныхны мэдээллээр бол энэ сарын 5-16 -ны өдрүүдэд бүртгэлтэй гадаадын жуулчдаас 30 мянга нь Хөвсгөлд очсон гэнэ. Тэгэхээр аялагчдын тоо цаашид улам ихсэх нь гарцаагүй.
Манай улсын цэвэр усны нөөцийн 65 хувь, дэлхийн цэвэр усны нөөцийн 0.4 хувийг агуулдаг Хөвсгөл далайг үзэхээр ийнхүү тав хоногийн дотор бараг 40 гаруй мянган хүн Хөвсгөл аймгийг зорьжээ. Хөвсгөл нуур нь монголын хамгийн гүн нуур төдийгүй цэнгэг байдлаараа дэлхийд гуравт жагсдаг юм. Хэрвээ аймгийн захиргаа овсгоотой, менежменттэй байгаад жуулчдын урсгалыг тогтвортой татаж, чанартай үйлчилгээ үзүүлж чадвал авто замд зарцуулсан Чингис бондын 80 тэрбум төгрөгийг нэг зун л олчих боломж бүрэн байгааг баяр наадмын үеэр Хөвсгөлийг зорьсон аялагчдын хандлагаас харж болохоор байна.