Алт олборлогч аж ахуйн нэгжүүд өнгөрсөн онд 7.1 тонн алт олборлох төлөвлөгөөтэй ажилласнаас жилийн эцэст 11.4 тонныг олборлож, Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 920 гаруй кг болжээ. Энэ онд 10 тонн алт олборлохоор төлөвлөснөөс хагас жилийн байдлаар 3.6 тонныг олборлосон үзүүлэлттэй байна. Иймд эдийн засгийн өсөлтийг хангах, бодит салбарын хөгжлийг дэмжих, улсын төлбөрийн тэнцлийг хангаж, гадаад валютын цэвэр албан нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор алтны салбарын санхүүжилтийн тогтолцоог оновчтой болгох арга хэмжээ авахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Уул уурхайн сайд Р.Жигжид, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нарт даалгажээ. Энэ хүрээнд алт олборлох үйлдвэрлэл эрхэлдэг, аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх 256 тэрбум төгрөг, нэг жил хүртэлх хугацаатай, есөн хувийн хүүтэй эх үүсвэрийг арилжааны банкуудаар дамжуулан санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайдад даалгаж, Монголбанкны ерөнхийлөгчид зөвшөөрлөө. Мөн алт олборлох үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүдийн хүсэлт, өрийн баталгааны санд төлсөн шимтгэлийг үндэслэн нийт санхүүжилтийн эх үүсвэрийн үндсэн болон хүүгийн төлбөрийн 50 хүртэлх хувьд, тухайн жил дуусгавар болох нөхцөлөөр Засгийн газар өрийн баталгаа гаргаж, зохих журмын дагуу холбогдох гэрээ байгуулахаар болсон байна.
Ц.ЗАЯА