Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Монгол Улсад анхны Ардчилсан чөлөөт сонгууль болсон түүхэн үйл явдлын 25 жилийн ойг энэ сарын 29, 30-ны өдөр нийслэлд тэмдэглэхээр болсон билээ.
Энэ дагуу маргааш буюу пүрэв гарагт Чингисийн талбайд “Алдрын хүндэтгэл” тоглолт болох аж. Тоглолтын ерөнхий найруулагчаар “Нийслэлийн Улаанбаатар чуулга” НӨҮГ-ын дарга Р.Мөнхсайхан, Ерөнхий продюссерээр НИТХ-ын төлөөлөгч, “Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүү ажиллаж байгаа юм байна.
Мөн энэ жилээс эхлэн рок, попын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж яваа хамтлаг, дуучдыг “Алдрын од” шагналд өргөмжлөхөөр болсон бөгөөд жил бүр тус шагналыг олгож, СТӨ-ний ханан дээр нэрийг нь мөнхлөх гэнэ.
Тэгвэл хамгийн анхны “Алдрын од”-ыг “Соёл - Эрдэнэ” хамтлаг хүртэж байна. Нийт найман ширхэг “Алдрын од”-ыг тус хамтлагийн үе үеийн төлөөлөлд гардуулж, Соёлын төв өргөөний тусгайлан бэлтгэсэн хананд “Соёл - Эрдэнэ” хамтлагийн одыг байрлуулах гэнэ.
Тиймээс энэхүү хүндтэй арга хэмжээнд зориулж “Алдрын хүндэтгэл” тоглолтыг зохион байгуулж байгаа аж. Тоглолт Чингисийн талбайд маргааш өглөө 08.00 цагт улаан хивсний ёслолоор эхэлж, 20 гаруй хамтлаг, дуучдын амьд тоглолт, үдшийн цэнгүүнээр үргэлжлэх юм байна.