Эмч нарын буруугаас болж олон хүн эрүүл мэнд, цаашлаад амь насаараа хохирч үлддэг жишээ олон бий. Тухайлбал, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд амаржсан нэгэн эх хэвлэлийнхэнд ханджээ. Учир нь түүний арван сар тээж төрүүлсэн үр нь эмч нарын буруугаас болж тархины хүнд гэмтэлтэй хэцүү байдалтай сэхээнд байсаар амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Хэргийг тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сард илүү тээлттэйгээр эмнэлэгт хэвтэх бичигтэй ирсэн ч ачаалал ихтэй тул хүлээж аваагүй, гадуур эмчилгээгээ хийлгэ гээд явуулжээ.
Өнгөрсөн жилээс төрөх эмнэлгүүдийн ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 10 хорооны эхчүүдийг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд амаржуулахаар болсон. Гэтэл тус эмнэлэг төрөхөөр ирж буй эхчүүдэд “Ачаалал ихтэй байна” гэсэн арга ядсан тайлбар тавьж, төрөх хугацааг хойш татаж, үүнээс нь болж дахин нэг нярай энджээ.
Эрүүл саруул тээсэн үрээ энгэртээ тэвэрч чадаагүй тэрбээр “Би хүүгээ төрүүлэх үедээ хагас ухаантай, өөрөөрөө төрөх ямар ч боломжгүй болтлоо өвдөж, тамир тэнхээгээ барсан байсан. Тиймээс хийсвэрээр төрүүлчихгүй, заавал өөрөөр минь төрүүлнэ гэж зүтгүүлж, сүүлдээ хавчуураар төрөх арга буюу хүүхдийг хүчээр төрүүлсэн. Хүү минь тархины хөөлттэй гарснаас тархины эсүүд сэргээгүй харин ч үхжиж эхэлсэн. Чанарын албаны дүгнэлт дээр намайг ганцхан оёдол тавиулсан гэж бичсэн байсан. Үнэндээ би 6-7 оёдол тавиулсан. Одоо миний биеийн байдал сайжирч байгаа ч хүү минь төрснөөсөө хойш сэхээ ороогүй. Хэд хоногийн өмнөөс биед нь хүрэхээр гар хөлөө бага ч болов хөдөлгөж хариу үйлдэл үзүүлдэг болсон. Гэсэн ч эмч нар хүүхэд чинь сэрэх найдлагагүй болсон гэсэн. Хүмүүс надад анхны төрөлт, бас дахиад нас байгаа юм чинь зүгээр гэж хэлсэн. Гэсэн ч надад маш их харамсалтай санагдаж байна. Би хүүгээ сэрээд харах болов уу гээд тэсэн ядан хүлээж сууна. Төрөөд сар гаруй болсон ч хүүгээ огт хөхүүлээгүй. Хөхнийхөө сүүг сааж гуурсаар ам руу нь хийж, хүүгээ хооллох гэж хичээж байгаа. Эндхийн эмч нарт хариуцлага, ёс суртахуун гэж алга. Хүн чанар бол бүр ч алга. Энд бүх зүйлийг мөнгөөр шийддэг болсон байна. Би одоо ч гомдолтой байгаа” гэв.