07.30

Гурилын үнэ 10 хувь, хүнсний ногооных хоёр дахин өсчээ

Жил бүрийн өдийд шинэ ургацын ногоо гарчихсан иргэд хаа таарсан газраасаа эх орныхоо хөрсөнд ургасан шинэ ногоог боломжийн үнээр худалдан авдаг байсан. Харин энэ жилийн хувьд шинэ ногоо ховор, үнийн хувьд өндөр хэмээн хэрэглэгчид халаглаж байна. Хүнсний ногоо ч гэлтгүй гурилын үнийг мөн нэмжээ.

Учир нь, баяр наадмын өмнө Улсын онцгой комисс хуралдаж гантай болон гандуу байгаа аймгуудад ажилласан шуурхай ажлын хэсгийн мэдээлэлтэй танилцсан билээ. Манай орны нийт нутгаар олон жилийн дунджаас хур тунадас бага, хэт халалттай байсан аж. Шуурхай ажлын хэсгийн дүгнэлтээр нийт 12 аймгийн 133 сумын 66 нь гантай, 67 нь гандуу байжээ. Ихэнх аймагт хур тунадас бага, ургамлын гарц тааруу, мал сүрэг тарга хүч муутай, зарим гол, горхи ширгэснээс айлууд өвөлжөө, хаваржаандаа зусч байгаа. Хадлан, тэжээл бэлтгэж чадахгүйд хүрч, хураахаар төлөвлөсөн ургацын 50-60 хувийг алдах эрсдэл ч үүссэн талаар мэдээлсэн.

Мөн тариаланчдын хэлж буйгаар энэ жил ургацынхаа 70-80 хувийг алдахад хүрчээ. Энэ мэдээлэл ард иргэдийн чихэнд хэдийнэ хүрч хүн бүр дотроо залбирч сууна. Эдийн засгийн хямралтай үед хүнсний гол хэрэглээ болох гурил, хүнсний ногооны үнийг нэмээд байвал бид юугаар хооллох вэ. Үүнээс улбаалан гурил, төмс, хүнсний ногооны үнэ ханш ямар байгааг сурвалжлахаар “Баянзүрх”, “Бөмбөгөр”, “Барс” худалдааны төвийг зорив.

“Бөмбөгөр” худалдааны төвд нэг кг шинэ ургацын монгол төмс 1700-2500, байцаа 2500- 2800, манжин 2300-2500, сонгино 1500-2000, төл сонгино 3300-3500, лууванг 1500-2000 төгрөгөөр худалдаж байна. Харин “Баянзүрх” худалдааны төвд нэг кг монгол төмс 1900- 2000, манжин 2000, байцаа 2500, лууван 1500-2000, сонгино 2500-3000 төгрөгийн ханштай байсан бол “Барс” худалдааны төвд нэг кг шинэ ургацын төмс 1500-2000, байцаа 1500, сонгино 2000-3000, лууванг 2000-2300 төгрөг байлаа. Шинэ ургацын ногооны үнэ ийм өндөр байгаа болон эрэлт их байгаагаас үүдэн урд хөршөөс орж ирдэг ногооны үнэ ч энэ жил өндөр байгаа юм. Тодруулбал, эдгээр худалдааны төвд нэг кг голланд үрийн хятад төмс 1000-1300 байгаа бол хүнсний дэлгүүрүүдэд 1300-1500 төгрөгөөр худалдаалж байна. Бид төмс, хүнсний ногооны үнэ ханш судлахаас гадна гурилын тасгаар орлоо. Энэ онд улсын хэмжээгээр 328 мянган га-д үр тариа, үүнээс 300 мянган га-д улаанбуудай, 13 мянган га-д төмс, найман мянган га-д хүнсний ногоо, нэг мянган га-д жимс жимсгэнэ, 16 мянган га-д тэжээлийн таримал, 33 мянган га-д тосны ургамал, нийтдээ 400 мянган га-д тариалалт хийжээ. Мөн 500 мянган тонн үр тариа, үүнээс 465 мянган тонн буудай, 167 мянган тонн төмс, 104 мянган тонн хүнсний ногоо, 40 тонн малын тэжээл, 26 мянган тонн тосны ургамал тус тус хураан авах зорилт тавьсан. Гэтэл хур бороо бага, зуншлага тааруу байснаас ургацынхаа 70- 80 хувийг алдана гэх сургаар бүх гурилын үйлдвэр үнээ нэмжээ. Энэ талаар ХХААЯ- аас тодруулахад ““Алтан тариа” ХХК-аас бусад гурилын үйлдвэр үнээ нэмээгүй, нэмэх ч учиргүй” гэсэн боловч бодит байдал дээр нэг шуудай гурил 1000-1200 төгрөгөөр нэмэгдсэн байлаа. Энэ талаар “Баянзүрх” худалдааны төвийн гурилын худалдагч “Алтан тариа, Өег, Улаанбаатар, Хурх гээд бүгд ялгаагүй өнгөрсөн долоо хоногийн дундуур нэг шуудай гурилын үнийг 1000-1200 төгрөгөөр нэмсэн. Яг тэр үйлдвэр тэдэн төгрөгөөр нэмсэн гэдгийг хэлмээргүй байна. Гэхдээ үүнийг иргэдэд мэдээлэхдээ хэтэрхий сүр дуулиан болгох шаардлагагүй байх. Нэг нь үнэ нэмэх сургаар л бүгд нэмчих юм. Эцсийн эцэст ард түмэн л хохироод үлдэнэ шүү дээ. Өнөөдөр хоногийн хоолоо залгаж ядаж байгаа ядарсан хүмүүст кг гурил 100 төгрөгөөр нэмэгдэх нь асуудал шүү дээ” хэмээн ярилаа. Ийнхүү гурил, шинэ ургацын төмс, хүнсний ногооны үнэ нэмэгдсэн талаар иргэдийн сэтгэгдлийг сонслоо.

Баянзүрх худалдааны төвийн ногооны худалдагч: -Энэ жилийн эрт ургацын төмс, хүнсний ногоо нэлээд үнэтэй орж ирж байна. Тариалангийн нутгаар гантай байгаа учраас ургац бага гарсан гэсэн. Лууван тарьсан газар юу ч ургаагүй. Эргээд газраа хагалж манжингаа тариалж байна. Манжин маш хурдан ургадаг. Өнгөрсөн жил манжингийн үнэ тэнгэрт хадаад байсан бол энэ жил бусад ногооны үнэ нэмэгдлээ. Гэнэт үнэ нь өссөн болохоор худалдан авагчид их гайхаж байгаа.

“Баянзүрх” худалдааны төвийн худалдагч Х.Уранчимэг: -Шинэ ургацын төмс, хүнсний ногооны гаралт бага байгаа учраас хаа сайгүй үнээ нэмсэн. Гэхдээ манайх нэг кг төмс 1900, байцаа, лууван 2500, сонгиныг 2000-2500 төгрөгөөр зарж байна. Ер нь бол харьцангуй бага үнэ. Бид нарийн ногооноос 100-150, төмснөөс 50 төгрөгийн л ашиг хардаг. Өнгөрсөн жилийн энэ үетэй харьцуулахад 400-500 төгрөг нэмэгдчихээд байгаа. Гэхдээ найм, есдүгээр сард ургац арвин гараад ирэхээр үнэ буух байх. Энэ зун тариалангийн гол нутгуудаар хур бороо багатай байсан болохоор ургац муу байна. Сэлэнгэ, Дархан, Зүүнхараа чиглэлд ургац гайгүй байх шиг байна. Манайхан нэг үеэ бодвол мөлхөө хүлэмж бариад хэрэглээнийхээ хүнсний ногоог тарьж, зарж байна. Энэ жил хятад лууван ерөөсөө орж ирээгүй. Өнгөрсөн жилийн лууванг зарж дуусахтай зэрэгцээд энэ жилийн шинэ ургац гараад ирлээ.

Чингэлтэй дүүргийн иргэн Х.Уянга: -Шинэ ургацын монгол ногоо өнгөрсөн жилийнхээс үнэтэй байна. Уул нь төмс, хүнсний ногоогоо эх орондоо тариалж, ард түмний хэрэгцээг бүрэн хангана гэж яриад байдаг биз дээ. Монгол ногоо ийм үнэтэй болсон учраас хятад ногоог хэрэглэхээс өөр аргагүй болоод байгаа юм биш үү. Хятад төмс 1300, монгол нь 2500 гэж байна. Уг нь эрүүл мэндээ бодвол эх орондоо тарьж, ургуулсан ногоо хэрэглэмээр байдаг. Гэтэл эдийн засгийн хямралтай үед төмс, хүнсний ногоо гэлтгүй гурилын үнэ өсвөл ард иргэд бид чинь яаж амь зогоох вэ.

Баянзүрх дүүргийн иргэн Э.Буян: -Би Хурхын хоёрдугаар гурилыг өмнө нь 1000 төгрөгөөр авдаг байсан. Одоо 1200 төгрөгөөр авч байна. Бидний амьдралын гол хэрэглээ нь гурил шүү дээ. Нэг кг-ыг нь 100 төгрөгөөр нэмнэ гэдэг ард иргэдэд маш хүндээр тусна. Манайх сард 25 кг-ын гурилыг өлхөн хэрэглэдэг. Гурилын үнэ нэмбэл дагаад гурилан бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ шүү дээ. Төр засгаас энэ үнийн асуудалд хяналт тавих хэрэгтэй. Худалдагчид гурил, төмс, хүнсний ногоо үнэтэй байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байсан юм. Тэд хүнсий ногооны үнэ нэмэгдсэн шалтгааныг ургац муу, хур бороогүй байсантай холбон тайлбарлаж байлаа. Ногооны үнэ ханшийг ХХААЯ- ны зүгээс хянах боломжгүй бөгөөд ногоочдын хувьд тээврийн зардал дээр өөрсдийн ашиг болох 10-20 хувийг нэмж борлуулдаг гэдгээ учирлав. Энэ байдлаар гурил, төмс, хүнсний ногооны үнэ буурахгүй байвал иргэд эдгээр хүнсийг хэрэглээнээсээ хасах, багасгах шаардлагатай болох нь. Эсвэл дотоодын биш гадаадын хүнсний бүтээгдэхүүн зайлшгүй хэрэглэж таарна. Уг нь бид дотоодын бүтээгдэхүүнээ хэрэглэж, эрүүл амьдаръя хэмээн уриалдаггүй бил үү.

Ц.ЗАЯА