07.31

Чөлөөт нислэгийн дэлхийн аварга тодорлоо

Монгол улсад анх удаа зохиогдож буй чөлөөт нислэгийн ДАШТ-ээс Монголын тамирчин Мижиддоржийн Гонгор алтан медаль хүртэж, дэлхийн аварга цолыг хүртлээ. ДАШТ-ий үндсэн гурван төрлийн хоёр дахь нь болох F1B ангилал (онгоцны урдах сэнсийг нь эргүүлж, резинийг эрчилж хөөргөдөг) өчигдөр явагдсан бөгөөд 29 орны 77 тамирчин өрсөлджээ.

7 нислэгийн нийлбэр дүнгээр 31 тамирчин финалын нислэгт оролцох эрхийг авсан байна. Үүнд манай тамирчдаас М.Гонгор багтаад байсан юм. Ингээд финалын нислэгүүд өчигдөр орой болж, нийлбэр дүнгээр 2040 оноог цуглуулсан М.Гонгор ангилалдаа түрүүллээ. Украйны Стефанчик Стефан, Кулаковски Олег нарын тамирчид мөнгө, хүрэл медаль хүртсэн юм.

Манай улсад анх удаа болж буй чөлөөт нислэгийн ДАШТ маргааш өндөрлөнө. Өнөөдөр ДАШТ-ий үндсэн гурван төрлийн сүүлийнх нь F1C ангилалын тэмцээн болох бол маргааш холимог багийн тэмцээн болох юм. Тэмцээний хаалтын ажиллагаа ням гаригт Цонжин болдог Чингисийн хөшөөний дэргэд болно.