Хятадын Батлан хамгаалах яам ирэх сарын 20-ноос эхлэн Япон тэнгист Оросын тэнгисийн цэргийн алба хаагчидтай хамтарсан цэргийн бэлтгэл хийхээр болсоноо албан ёсоор зарласан байна.
Тодруулбал, Батлан хамгаалах яам өчигдөр хэвлэлийн хурал зарласан бөгөөд энэ үеэр Оросын тэнгисийн цэргийн армитай хамтарсан сургуулилтын ирэх сарын 20-28-ны хооронд Япон тэнгист хийнэ хэмээн мэдэгджээ. Сургуулилтад Хятадын талаас долоон байлдааны усан онгоц, цэргийн таван онгоц оролцох бол ОХУ-ын талаас усан онгоц, шумбагч зэрэг зэвсэг техникийг оролцуулах аж.
Хятадын хувьд Япон тэнгист хийх энэ удаагийн цэргийн хамтарсан сургуулилтаар дамжуулан ОХУ-тай батлан хамгаалахын салбарт нягт харилцаатай гэдгээ харуулахын зэрэгцээ өөрийн улсын далайн хилийн хамгаалалтаа чангатгаж, холбоотны харилцаагаа өргөжүүлэхээр хичээж буй Япон, АНУ-д сануулга өгөх зорилготой гэж зарим ажиглагчид тэмдэглэжээ.
Хятад, ОХУ энэ оны тавдугаар сард хамтарсан цэргийн сургуулилтыг хийсэн бөгөөд Япон тэнгист хийх сургуулилтын дараа есдүгээр сарын 3-нд Хятадад зохиогдох “Японы түрэмгийллийн эсрэг дайны ялалтын 70 жилийн ойн” баярын парадад ч ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин оролцох юм.