08.01

18 мянган жолооч эрхээ хасуулав

Он гарсаар согтуугаар автомашин жолоодсон 24 мянга гаруй жолоочийг Замын цагдаагийн газраас саатуулжээ. Үүнээс 18 мянга гаруй жолоочийн эрхийг зургаан сараас 2 жилийн хугацаанд хассан байна. Харин 5000 хүнийг 7-30 хоногоор баривчлах хүртэл шийтгэвэр оногдуулжээ.

Он гарсаар зам тээврийн ослоор 83 хүн амиа алдсан. Үүний 41 нь жолооч, харин 30 нь тээврийн хэрэгслээр зорчигч байжээ. Үлдсэн 12 хүн нь явган зорчигч байсан аж. Өчигдөр гэхэд, Хан-Уул дүүргийн 5-р хороо Наадамчдын гудамж, “Хүннү Молл” төвийн урд замд “Хьюндай Аксент” автомашины жолооч Т нь Б-гийн жолоодож явсан “Хьюндай HD55” маркийн автомашинтай мөргөлдөж жолооч Т /44н, эр/ нас барж, 3 хүн гэмтсэн байна.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо Товчооны зам, Хуучин 22-ын ШБТ-ны замд амины “Тоёота Приүс” автомашины жолооч Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Б гэх жолоочтой “Синотрак”, Б жолоочтой “Норд Бенз” маркийн автомашинуудтай мөргөлдсөний улмаас нэр, хаяг тодорхойгүй 25-30 орчим насны эмэгтэй зорчигч нас барж, 4 хүн гэмтсэн байна.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.