Энэ зун гантай байсан учир ирэх өвөл зуд болно, тиймээс өвөлжилтөд сайн бэлтгэх хэрэгтэй гэдгийг хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд хэлж буй. Улсын хэмжээнд энэ жил 66 сая мал зусч буй бөгөөд оны төгсгөлд 60 сая тоо толгой болно гэх тооцоог салбарын яамнаас хийжээ.'
Улсын хэмжээнд бэлчээрийн даац 20 сая малаар хэтэрсэн байна. Гантай нутгуудад бэлчээрийн даац дөрөв дахин хэтэрч, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Архангай, Өвөрхангай аймагт малын тоо толгой хэтэрсэн гэдгийг яамны удирдлагууд хэлж байна.
Тиймээс хөдөө аж ахуйн эдэлбэр газрыг ашиглаад, ашиг шимийг нь хүртээд өнгөрөх бус оготно зурамнаас ангижруулах, бэлчээрийн ургамал тариалах зэргээр ашиг шимийг нь сайжруулахад анхаарахаар болжээ. Малын хөлийн татварыг бэлчээр сайжруулахад зарцуулах аж. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд 10 сая га газрыг хөдөө аж ахуйн эдэлбэр газраас хасч уул уурхайд шилжүүлсэн мэдээлэл байна. Гэтэл сүүлийн нэг жилийн дотор 31 сая га газрыг уул уурхайд шилжүүлэх хүсэлт иржээ. Энэ бүхнийг зүй зохистой зохицуулах Бэлчээрийн хуулийг удахгүй өргөн барихаар салбарын яамнаас боловсруулж байна.